Бэн Фрэнцис нь 2012 онд коллежд суралцахын зэрэгцээ пицца хүргэдэг ажил хийдэг байв. Өдөрт 8 цаг ажилласныхаа дараа өөрийн хувийн төслүүд дээр цаг гаргаж, ажилладаг байжээ. 2 жил маш хүнд ачаалалтай ажилласныхаа дараа Фрэнцис нь коллежоо хаяж, пицца хүргэдэг ажлаасаа ч гарч, өөрийнхөө компанид анхаарлаа хандуулах болсон байна. Тэгвэл энэ үйл явдлаас хойш 7 жилийн дараа, Фрэнцисийн спорт хувцасны брэнд нь жилд 130 сая долларын борлуулалттай болж чаджээ. Бодоод үздээ. Сурахын хажуугаар пицца хүргэдэг, маш завгүй, 19 настай залуу компани байгуулаад зогсохгүй, яаж Nike,Adidas зэрэг брэндүүдтэй өрсөлддөг болов?

 

Хариулт нь: influencer marketing буюу нөлөөлөгчийн маркетинг.

Брэндээ яаж үүсгэв?

Бэн Фрэнцис фитнессийн ертөнцөд хэд хэдэн бизнес эхлүүлж байснаас онцолбол фитнессийн хуанлийн аппликейшн, фитнесст дуртай хүмүүсийн сошиал сүлжээ, биеийн масс, өөх, булчин зэргийг хэмждэг iPhone-д зориулсан 2 аппликейшн зэрэг байдаг. Тэдний нэг нь 10,000 ам.долларын орлоготой байсан гэдэг. Хэдийгээр түүний эхлүүлсэн уг төслүүд, санаанууд нь дорвитой амжилт гаргаагүй ч гэсэн, фитнессийн салбарт ажиллах хугацаандаа олон зүйлийг суралцжээ. Салбарт дуртай болсон Бэн найзтайгаа нийлж, Gymshark нэртэй фитнессийн уураг, бэлдмэл, хувцас зардаг дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн байна. Эхний ээлжинд тэдэнд өөрийн хөрөнгөсөөд байх зүйл байгаагүй учраас интернетээр веб сайтдаа мэдээлэл тавьж, гуравдагч талын бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг байжээ. Тэд өөр брэндүүдийн хувцсыг худалдаж аваад түүнийгээ сайн сурталчилгааны хүчинд зарж, олсон орлогоороо дахин хувцас худалдан авч борлуулсаар нилээд хугацааг өнгөрөөсөн байна. Гэвч өөрийн гэсэн брэнд, хувцастай болох зайлшгүй шаардлагатайг ойлгосон Бэн болон түүний найз нь оёдлын машинууд худалдан авч, өөрсдийн нэрийн спорт хувцсыг үйлдвэрлэх болжээ. Тухайн үед тэд байдаг л нэг спортын хувцасны брэнд, бусдаас гойд ялгарах зүйл тэдэнд байсангүй. Хувцсаа сурталчлах шинэ хэлбэрийг хэрэгжүүлж чадсан тул тэд бизнесээ өргөжүүлж чадсан юм.

Нөлөөллийн маркетингийг яаж ашиглав?

Бэн фитнессийн салбарт хайртай, сонирхолтой нэгэн байсан тул фитнессээр хичээллэдэг, гоё, өв тэгш бие хаатай хүмүүс өөрсдийн амьдралын хэв маяг, яаж дасгал хийдэг тухайгаа бусадтай хуваалцсан Youtube видеонууд маш ихээр үздэг байжээ. Хүмүүсийн хамгийн ихээр үздэг, хүндэлдэг фитнессээр хичээллэгч нарт Фрэнцис үнэ төлбөргүйгээр дасгалын хувцсаа илгээдэг байсан байна. Улмаар нөгөө influencer-үүд тэдний хувцсыг өмссөн байхдаа видеогоо хийж, хувцасныхаа талаар товч ч гэсэн ярьж байгаа нь маркетингийн загвар буюу Influencer маркетингийг үүсгэхэд нөлөөлжээ. Тэдний хувцсыг өмссөн нөлөөлөгч нарын тоо нэмэгдэж, борлуулалт өсч байгаад Фрэнцис сэтгэл ханасангүй. Бодибилдингийн заал танхим, эвентүүд уйтгартай, нэгэн хэвийн байгааг анзаарсан Фрэнцис найзынхаа хамтаар өөрсдийнхөө санхүүжилтээр заал түрээслэж, Gymshark брэндээрээ тохижуулж, нөлөөлөгч Influencer-уудаа урьж, фенүүдтэйгээ уулзах, видеогоо хийх сонирхолтой орчинг бүрдүүлж өгчээ.

Өнөөдөр GymSharkнь 18 influencer/нөлөөлөгчтэй, 20 сая дагагчтай, дэлхийн 131 улсад үйл ажиллагаа явуулж байна. Тэдний бизнес байр сууриа олж, орлого өсөлт бууралттай ч, нэг үеэ бодвол тогтмол маркетингийн бодлоготой хөлөө олсон бизнес болж хувираад байна.   

 

 

 

post comments

[fusion_tb_comments avatar=”square” headings=”hide” heading_size=”2″ padding=”40″ hide_on_mobile=”small-visibility,medium-visibility,large-visibility” animation_direction=”left” animation_speed=”0.3″ animation_delay=”0″ margin_top=”0px” /]