Өмнөд Солонгосын роботууд нь анд нөхөр, ажлын байрны “алуурчин” аль алины л үүргийг гүйцэтгэж байна.
Дэлхийд маш цөөхөн улс л Өмнөд Солонгос шиг автоматжуулалтанд өндөр ач холбогдол өгдөг. БНСУ-ын засгийн газар нь жил бүр олон зуун сая ам.долларыг аж үйлдвэрийн салбарыг бүрэн автоматжуулахад зориулж байна. Уг ажиллагаандаа Samsung Electronics Co. компанийг дайчлан хамтран ажиллаж байгаа юм. Засгийн газрын зүгээс 100 тэрбум воны санг бий болгож, түүнээсээ 2500 компанийг “ухаалаг үйлдвэрүүд” болгоход нь зарцуулахаар зорьж байна.
Ингэж зүтгэж байгаа нь тус улсын хүн амын ажил хийх насныхан буурч байгаатай шууд холбогдоно. Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын гишүүн орнууд дотроо Өмнөд Солонгос нь хамгийн хурдтай хөгширч байгаа улсад тооцогдож байна. Энэ ч утгаараа Өмнөд Солонгос нь автоматжуулалт буюу роботчлолд их хэмжээгээр ач холбогдол өгч байгаа юм.
Хэдийгээр Солонгосын томоохон үйлдвэрлэгч компаниуд өдөр тутмын үйлдвэрлэлийн ажиллагаандаа бүрэн автоматжуулалтыг нэвтрүүлж, өртөг зардлаа бууруулж, зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулж байгаа нь маргаангүй үнэн боловч, нөгөө талдаа ажиллах хүчний зах зээлээс иргэдийг шахаж байна. Саяхан гарсан судалгааны дүнгээр Өмнөд Солонгос нь автоматжуулалтаас үүдэн гарах хамгийн өндөр эрсдэлтэй улсаар нэрлэгдсэн юм.
Аж үйлдвэрийн салбар сүүлийн 3 жилд ажлын байрыг тогтмол танасаар иржээ. Одоогийн байдлаар 3 сая хүн буюу үйлдвэрлэлийн салбарын нийт ажилчдын 67 хувь нь ажилгүй болох бодит эрсдэлтэй нүүр тулгараад байна. Зөвхөн үйлдвэрлэлийн салбар ч автоматжуулалтын хохирогч болж байгаа биш юм. Үйлчилгээний салбарт ч гэсэн энэ хандлага ажиглагдаж байна.
Өмнөд Солонгос улсын нийт ажиллах хүчний 70 хувь нь үйлчилгээний салбарт ажилладаг. Тэгвэл энэ салбарт ч гэсэн автоматжуулалт хүчтэй нэвтэрч байна. Үүний нэг том жишээ нь Солонгосын хамгийн том гамбургерын сүлжээ болох Lotteria юм. Өнөөдөр Lotteria-гийн нийт салбаруудын талаас илүү нь дижитал kiosk-ыг ашиглаж, захиалгаа авдаг.
Startup Terminal – Таны бизнесийн зөвлөх
Leave A Comment
You must be logged in to post a comment.