Өнгөрсөн амралтын өдрүүдэд Стартап Терминал дээр Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ХАКАТОН уралдааныг  хоёр дахь жилдээ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК , “Апстартлаб” ХХК, нар амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн тэмцээн “Ухаалаг Улаанбаатар – Шинэ санаа, шилдэг инноваци” зорилтын хүрээнд явагдсан. Тус уралдаанд нийтдээ 30 гаруй төсөл материалаа сонгон шалгаруулалтанд ирүүлсэн юм.

Уралдаанд оролцохоор ирүүлсэн нийт төслүүдээс урьдчилсан шалгаруулалтын дараа 10 төсөл тунаж үлдсэн. Энэхүү 10 төслийн багууд 2 өдрийн турш Стартап Терминал дээр байрлаж, менторуудаас зөвлөгөө авч, төслөө сайжруулалт хийсний дараа шүүгчдийн бүрэлдэхүүнд эцсийн байдлаар төслөө танилцуулсан.

Дүнг гаргахдаа аль болох шинэ санаа, шилдэг шийдэл, эдийн засгийн бодит тооцоолол, эхний байдлаар аппликейшнээ дуусгасан байх шаардлагыг тавьсаны зэрэгцээ багуудын ирц, гүйцэтгэлийг харгалзан үзсэн.

Ингээд дүнг гаргахад шинжлэх ухаан, математик, мэдээллийн технологийн ухааныг гар утасны апп болон веб-ээс үзэх боломжтой сургалтын платформ зохион бүтээсэн Feynman багийнхан 1 дүгээр байранд орж, 4 сая төгрөгийн шагналын эзэд болов.