Улсын Их хурлын 2019 оны зургаадугаар 6-ны өдрийн хуралдаанаар Жижиг, дунд, үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийг шинэчлэн баталж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр болсон билээ. Уг хуулиас онцлох таван заалтыг хүргэж байна.
Хуулийн шинэчилсэн найруулгад:
- “бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;
- “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”гэж 10-50 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;
- “дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 50-200 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 1.0–2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг хэлнэ хэмээн тодорхойлжээ.
НЭГ. Кластерыг дэмжинэ
“кластер” гэж аж ахуйн нэгж нь үйлдвэрлэл, үйлчилгээний зорилго, төрөл, чиглэл, газарзүйн байршлын хувьд хорших, төрөлжих хэлбэрээр харилцан уялдаатай хамтран ажиллахыг хэлнэ хэмжээн хуульд тодорхойлжээ.
Ийнхүү хамтарч ажиллаж буй аж ахуйн нэгжид татвар, санхүүгийн цогц дэмжлэг үзүүлж, дэд бүтцийн хангамжийг сайжруулахад анхаарна.
ХУУЛИЙН ЗААЛТ:
9 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний кластерыг дэмжих
9.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг кластераар хөгжүүлэхэд төрөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ:
9.1.1.түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтын харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид татвар, санхүүгийн цогц дэмжлэг үзүүлэх;
9.1.2.дэд бүтцийн хангамжийг сайжруулах;
9.1.3.үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
ХОЁР. Зээл олгох хэмжээг ангилан тогтоов
ЖДҮХС-гаас зээл олгохдоо тухайн аж ахуйн нэгж, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зээлийн хэмжээг борлуулалтын орлогоос хамааран 300 саяас эхлэн 2.5 тэрбум хүртэлх төгрөг байхаар тогтоожээ.
ХУУЛИЙН ЗААЛТ:
11.6.Сангаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нэг удаа олгох зээлийн хэмжээг доор дурдсанаар тодорхойлно:
11.6.1.бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 300.0 сая төгрөг хүртэл;
11.6.2.жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 1.0 тэрбум төгрөг хүртэл;
11.6.3.дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 2.5 тэрбум төгрөг хүртэл байна.
ГУРАВ. Бичил үйлчилгээ эрхлэгчид сангаас зээл авна
Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд борлуулалтын орлогоос хамааруулан 300 сая төгрөг хүртэл зээлийг ЖДҮХС-гаас олгох бол ирэх оноос эхлэн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл авах боломжтой.
ХУУЛИЙН ЗААЛТ:
11.7.Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг Сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулж олгоно. Банкийг сонгон шалгаруулалтаар сонгоно. Банканд Сангийн эх үүсвэрийг байршуулах, зээл олгох журмыг Засгийн газар батална.
ДӨРӨВ. Зээл олгох явцад албан тушаалтан нөлөөлөхийг хориглов
Өмнө жилүүдэд ЖДҮХС-гийн зээлийн шалгаруулалтын явцад төрийн өндөр албан тушаалтнууд нөлөөлсөн тохиолдол гарсан. Тэгвэл 2020 оноос эхлэн сонгон шалгаруулалтад нөлөөлөхийг оролдсон албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулиар шийтгэл ногдуулна.
ХУУЛИЙН ЗААЛТ:
11.12.Зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн талаар санал, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулалт явуулах, шийдвэр гаргахад аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
21.3.Энэ хуулийн 6.3, 6.4, 6.7, 11.6, 11.7, 11.8, 11.9, 11.12-т заасныг зөрчсөн буруутай албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
ТАВ. Экспортыг дэмжинэ
Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргаж буй бол хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээр хуульд заажээ. Ингэхдээ банкнаас авсан зээлийн жилийн хүүгийн 5.0 хүртэл хувийг ЖДҮХС-гаас олгож болно хэмээсэн байна.
ХУУЛИЙН ЗААЛТ:
11.8.Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь 5.0 хүртэл хувийг Сангаас олгож болно.
Leave A Comment
You must be logged in to post a comment.