Би өглөөний хүн биш л дээ. Гэхдээ өнгөрсөн жилээс эхлэн ажлын өдрүүдэд өглөө 5:30-д сэрж, 1 цагийн хугацаанд юм бичсэнийхээ дараа ажил руугаа явдаг болсон юм. Миний амьдралдаа хийж байсан хамгийн хэцүү зүйлүүдийн нэг байсан гэдгийг ний нуугүй хэлье. Гэхдээ би чадсан л даа. Юу гээч? Та ч гэсэн чадна гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв та өглөө эрт босоод тухайн өдрийн хамгийн хүнд ажлаа түрүүлээд хийчих аваас өдрийн үлдсэн цагуудыг маш хялбар өнгөрүүлнэ. Та орой нь стрессдэж ядрах шаардлагагүй. Учир нь та төлөвлөсөн зүйлээ биелүүлж чадсангүй гэх стрессгүй орондоо орно гэсэн үг. Миний хувьд өглөө эрт босдог болсон зуршил маань шийдэмгий байдал, бэлтгэл, гүйцэтгэл, аз дөрвийг 50/30/10/10 зарчмаар хуваарилсан явдал. Тайлбарлаж өгвөл илүү ойлгомжтой болох бизээ.

50 хувь буюу Шийдэмгий байдал

Ихэнх хүмүүсийн хувьд өглөө 5:30-д сэрэх нь төвөгтэй санагддаг. Мэдээж тодорхой хэмжээнд хүчин чармайлт шаардагдаж байж л та тогтмол энэ цагт сэрдэг болж чадна. Төвөгтэй мэт сонсогдож байвч, өглөө эрт сэрэхийг хүсч байгаа бол та ҮНЭХЭЭР Л ХҮСЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ. Хэдэн жилийн өмнө би өглөө эрт сэрж, ажилдаа явахаасаа өмнө хувийнхаа блогт нийтлэл бичиж оруулдаг байлаа. Хэсэг хугацаанд хэрэгжүүлж, үнэхээр сайхан ч санагдаж байсан. Гэхдээ тухайн үед би жинхнээсээ тууштай хүсээгүй байсан тул тэгэсхийгээд л хуучин байдалдаа шилжсэн байдаг.
Гол нь өглөө эртлэн сэрснээр та мөрөөдөл дээрээ ажиллах боломжтой болдог. Та өглөө эрт сэрэлгүй, ажлын цагаа дөхүүлж байгаад босч, ажилдаа явсан өдрөө амжилттай өдөр гэж үзэж болох ч гэлээ, та энэ өдөр мөрөөдөл дээрээ ажиллаж чадалгүй өнгөрөөж байна. Та өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн төлөө зүтгэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Миний хувьд юм бичих, түүнийгээ нийтлүүлэх, зохиолч болох нь том мөрөөдөл.
Одоогийн байдлаар би ажлын өдрүүдэд өглөө бүр 5 цаг 30 минутанд босч, төрөл бүрийн нийтлэлүүд бичсэнийхээ дараа ажил руугаа явдаг. Өглөө эртлэн босч бичсэн нийтлэлүүдийн маань нэг нь таны уншиж байгаа энэ нийтлэл юм.

Юу өөрчлөгдөв?

Миний үндсэн ажил инженер боловч би энэ ажлыг үүрд хийнэ гэж боддоггүй. Би зохиолч болохыг хүсдэг. Би одоогоор тийм сайн зохиолч биш, нийтлэлүүд маань тааруухан байгаа учраас сайжрахыг хүсдэг. Би сайжрах ч шаардлагатай. Би илүү сайжрахын төлөө гол анхаарлаа хандуулдаг. Миний мөрөөдөл юм бичих, зохиолч болох учраас түүнийгээ биелүүлэх чадвараа дээшлүүлэхийн тулд өглөө эртлэн босдог болсон. Яагаад гэвэл мөрөөдөлдөө хүрэхэд минь өглөө эрт босох дадал тус болж байна.

30 хувь буюу Бэлтгэл

Шийдэмгий байдал нь өглөө эрт тогтмол сэрдэг болж сурах явцын 50 хувийг дангаараа гүйцэтгэчихэж байгаа юм. Үлдсэн нь бэлтгэл, гүйцэтгэл, аз гэж болно. Өглөө эрт сэрдэг болохын тулд дараах 5 зүйлийг бэлтгэл ажил болгосон юм.

  1. Орой эрт орондоо орох

Ихэнх хүмүүс 7-8 цаг унтахад хангалттай байдаг. Зарим хүмүүс 6 цаг унтахад хангалттай нойр авч чаддаг байх нь ч бий. Миний хувьд ердийн үеэс 2 цагийн өмнө сэрэхийг хүсвэл өмнөх өдөр нь заавал 2 цагийн өмнө орондоо ордог. Би 8 цаг унтаж байж л, бие махбодь маань сэргэж байгаа мэт санагддаг тул тогтмол 8 цагийн нойрыг баримтлахыг хичээдэг. Инженер хүний ажил нилээд хүнд тул сайтар унтаж авах нь миний бүтээлч байдлыг хадгалж байдаг юм.

  1. Биеэ унтахад бэлдэх

Орондоо орохоос 1 цагийн өмнө би ухаалаг утас, янз бүрийн төхөөрөмж хэрэглэхээс татгалздаг. Мөн 1 аяга халуун цай ууж, 10 минут орчим бясалгал хийсний дараа орондоо ордог. Зарим үед би гэрлийг нь маш бүдэг боловч, зориулалтын хоргүй горимд тааруулсан Kindle-ээ уншиж байгаад, нойрондоо автах тохиолдол бий.

  1. Өглөө юу хийхээ өмнөх өдөр нь төлөвлөх

Урьд өдөр нь төлөвлөснөөр маргааш нь яг юу хийхээ маш сайн мэдэж байдаг, гүйцэтгэл ч оновчтой байдаг. Би шууд хийхээр төлөвлөсөн зүйлдээ орж, цагийг дэмий үрдэггүй.

  1. Өдөр 2 цагаас хойш кафейн уухаас татгалзах

Кафейн нойронд хэрхэн нөлөөлдөг тухай судалгаанууд уншсанаас хойш би өдрийн 2 цагт кафейны хэрэглээг зогсоодог болсон юм. Мэдээж хүн бүрийн бие физилоги өөр тул энэ зөвхөн миний баримталдаг, надад үр дүнтэй байдаг дадал гэж болно.

  1. Өдөр дасгал хийх

Өдрийн аль нэг цагт нь заавал дасгал сургуулилалт хийхийг эрмэлздэг. Суудлын ажил хийдэг бол цайны цагаар заавал суниаж, биеийн чилээ гаргах дасгалууд хийх хэрэгтэй. Та өглөө эрт сэрэхийн тулд миний баримталдаг эдгээр 5 бэлтгэлийг заавал хий гээгүй юм шүү. Ямартай ч, надад эдгээр 5 бэлтгэл ихээхэн тусалж чаддаг болохыг л хуваалцаж байна.

10 хувь буюу Гүйцэтгэл

За бэлтгэл ажлуудаа хийчихсэн тул одоо гүйцэтгэл л үлдлээ. Би өмнөх орой нь утасныхаа сэрүүлгийг тавьж, өөртөө “Би маргааш өглөө заавал 5 цаг 30 минутад сэрж, нийтлэл бичих ёстой” гэж хэлдэг. Танд энэ алхам утгагүй санагдаж болох ч гэлээ, ийм байдлаар далд ухамсар, сэтгэлзүйн дотоод яриа хийх нь үнэхээр үр дүнтэй байдаг. Өглөө эрт сэрүүлгийн дуунаар сэрэнгүүтээ шууд босч, унтлагын өрөөнөөсөө гардаг. Өглөө эрт сэрэнгүүтээ утсаа оролдож, сошиал медианы сайтууд, мэйл шалгахаас татгалз! Зүгээр л босоод, орноосоо холд. Сэрсний дараа шууд хийдэг нэг гоё дадалтай бол. Миний хувьд дөнгөж сэрээд өглөөний кофегоо тэр дор нь бэлдэж уудаг.

10 хувь буюу Аз

Би өөрийнхөө хувьд жаахан ч гэсэн амжилт гаргаснаа зөвхөн миний үйлдлүүдтэй холбоотой гэж хэлбэл бас үнэнд нийцэхгүй. Танд 10 хувийн аз хэрэгтэй гэж боддог. Миний аз юу байсан вэ гэвэл би сар гаран өглөө эрт сэрдэг болсны дараа нилээд ядарч, эрч хүч суларч байгаа мэт мэдрэмж төрсөн юмдаг. Энэ үед аз болоход эхнэр бид 2 гэртээ тэжээвэр амьтантай болохоор шийдэж, бяцхан гөлөг худалдаж авсан. Манай гэр бүлийн шинэхэн гишүүн маань өглөө бүр 4:30 – 5:30 цагийн хооронд сэрж, нохойгоо ч гэрт шээлгэхгүйн тулд өглөө эртлэн салхилуулдаг болсон. Аз гэдгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл өглөө эрт сэрэхэд минь нөлөөлөх хариуцлага, хамтрагч тодорхой хэмжээнд хэрэгтэй байдаг аж. Тэр нь эхнэр бид хоёрын амьтан тэжээх шийдвэр юм.
Танд амжилт хүсье!
/Jason Gutierrez-ын нийтлэлийг хөрвүүлэв/