Стартап Терминал төв долоо хоног тутам салбар салбарын онцлох экспертүүдийн мэдлэг ур чадвар, туршлагаас хуваалцдаг билээ. Энэ долоо хоногийн онцлох зочноор HR Club-ын Тэргүүн, “Эйч Ар Консалтинг фирмийн” Захирал Ш. Баярмагнайг урьсан юм. “Ур чадварт суурилсан хүний нөөцийн менежмент” сэдвээр лекц ярилцлага өрнүүлж, салбарын HR-ууд болон бизнесийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон маш үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
Зочин илтгэгчийн зөвлөгөө: Бизнесийн суурьтай байгууллагууд анхнаасаа мундаг ур чадвартай хүмүүсийг ажилд авах нь байгууллагыг урагш нь хөтлөх гарц гэж хардаг. Энэ нь мэдээж зөв. Сүүлийн үед байгууллагууд ур чадвараас илүү хандлагын талаар их ярьдаг болсон. Миний харж байгаагаар бизнесийн байгууллагуудын хамгийн ихээр алддаг зүйл нь анхнаасаа чадвар муутай хүн ажилд авчхаад түүнийг үнэлэх гэж хичээдэг. Хүмүүсээ сургаж, идэвхжүүлэх гэж цаг хугацаа их зардаг. Ур чадвар гэдэг нь асар үнэтэй чухал зүйл. Олон жил ажилласан гээд туршлагатай гэсэн үг биш. Магадгүй арван жилийн ажлын туршлагыг шинэ боловсон хүчин эзэмшсэн байхыг үгүйсгэхгүй. Харин эзэмшсэн туршлага нь бүтээлч үү аль эхсүл бүтээлч бус уу гэдэг нь л чухал. Нэг байгууллагад арван жил ажиллан ширээний ард зүгээр суусан бол харамсалтай. Тэгхээр хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хөрвөх чадвар маш чухал юм. Ажил горилогч нартай нэг стандарт шаардлагаар ажлын ярилцлага хийх биш, тухайн салбар болоод хүнийг нь сайн судлах хэрэгтэй.
Одоо үед мэдлэг чадвартай, авьяаслаг залуус хайхаасаа илүү ажилдаа үнэнч, компаний эрхэм зорилгын төлөө зүтгэх хүсэлтэй, хийж байгаа зүйлийнхээ үнэ цэнэ, утга учирыг ойлгодог, компаний амжилт өөрийнх нь цаашдын амжилт, өгсөж дэвшихэд нэмэр болно гэдгийг ухамсарласан залуусыг ажилд авах нь ирээдүйн чиг хандлага юм. Хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй, мэдлэгтэй нь олон байна. Харин компаний талаас залуусыг ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг болгохын тулд төрөл бүрийн урамшуулал, олон нийтийн арга хэмжээ, сургалт, сэдэлжүүлэлт явуулах шаардлагатайг анхааралдаа авах цаг болсон байна.
Мөн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг тодорхой байх ёстой. Танай байгууллагын хүний нөөцийг удирдах, хүний нөөцийн менежментийн дотоод үйл ажиллагааг зохицуулах арга хэрэгсэл гэж хэлж болно. Ажилтнууд байгууллагын алсын хараа, тухайн ажлын байрнаас хөгжиж дэвших боломж, урамшууллын систем зэрэг тодорхой зүйлд илүү сайн, бүтээмжтэй, урт хугацаанд ажилладаг. Тиймээс хүний нөөцийн бодлогын баримт бичиг нь тодорхой байх нь үр дүнтэй.
Leave A Comment
You must be logged in to post a comment.