Гараас нь ажил гарахдаа маш хурдан, бүтээмж сайтай, үр дүн өндөртэй хүмүүс нь бусдаас өөр ажлын арга барилтай байдаг. Тэд үр дүнтэй, ашигт ажиллагаа өндөртэй ажиллахад нь тусалдаг дадал зуршил, системийг сайтар эзэмшсэн байдаг нь үнэн. Тэр ч байтугай өндөр бүтээмжит хүмүүс нь амралтын өдөр буюу Ням гарагийг ч бусад хүмүүсээс өөр байдлаар өнгөрүүлдэг байна. Ингээд миний бие бизнес, энтертейнмент, спорт урлаг гээд олон салбарыг дамнасан хэдэн зуун өндөр бүтээмжит хүмүүсийг судалсны дараа тэд долоо хоног бүрийн ням гарагт дараах 5 зүйлийг хийдэг болохыг тогтоосон. Эдгээр 5 дадал зуршил нь 30 минутаас 60 минутын хугацаа л шаарддаг тул, та үлдсэн цагуудад нь амралтын өдрөө хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Дадал 1: Зорилтууд тодорхойлох
Өндөр бүтээмжтэй хүмүүс ням гараг бүр хийж дадсан нэг зүйл нь дараачийн долоо хоногийн шинэ зорилтуудаа тодорхойлох явдал юм. Хэдхэн минут шаардагдаж болох ч гэлээ, аажимдаа таныг илүү бүтээмжтэй, амжилттай нэгэн болгож хувиргадаг. Зарим хүмүүс өмнөө зорилтууд тавьдаг боловч ихэвчлэн удаан хугацааных байдаг. Хэтэрхий том зорилт нь хэрэгжүүлэхэд их хугацаа шаардагддаг учраас ихэнх хүмүүс дээрхи зорилтуудаа биелүүлж амждаггүй. Тэгвэл танд зөвлөхөд томоохон зорилтуудаа улирлаар, сараар, долоо хоногоор, өдөр бүрийнх болгож жижиглэх нь зөв. Ингэснээр үе шатууд бий болж, та нэг шат ахиж буйгаа мэдрэх, урамших, дараачийн зорилт руу тэмүүлэх зориг сэдлээр цэнэглэгдэнэ.
Дадал 2: Ирэх долоо хоногоо төлөвлө
Томоохон зорилтууд дэвшүүлэхийн зэрэгцээ өндөр бүтээмжит хүмүүс нь ирж буй долоо хоногоо заавал төлөвлөдөг. Долоо хоногийн ажлуудаа төлөвлөснөөр тодорхойгүй байдлыг халж, бүх зүйл эмх цэгцтэй, та ч үр дүнтэй ажиллана. Миний хувьд дараа долоо хоногийн ажлаа төлөвлөхдөө Google Calendar болон бодит цаасан хуанлиг аль алиныг нь ашиглах хувилбарыг илүүд үздэг. Би дараачийн долоо хоногоо төлөвлөөгүй тохиолдолд тэр долоо хоногт цагийг ач холбогдол муутай ажлууд дээр харамсалтайгаар үрэх, цаг алдах явдал маш их ажиглагддаг.
Дадал 3: Өнгөрөгч долоо хоногоо дүгнэх
Өндөр бүтээмжтэй хүмүүс ням гараг бүр хийдэг дараачийн зүйл нь өнгөрч буй долоо хоногоо эргэн харж, дүгнэлт хийдэг явдал. Тухайн долоо хоногт юу сайн болж, юу амжилтгүй байсан талаар эргэн санаж, дүгнэлт хийснээр та ирэх долоо хоногоо илүү үр дүнтэй ажиллахад тусалдаг. Дүгнэлт гаргахдаа дараах асуултуудыг өөрөөсөө асуувал зүйтэй санагддаг.
- Би долоо хоногийнхоо зорилтыг биелүүлж чадсан уу? Чадаагүй бол яагаад? Чадсан бол юу амжилттай сайн байв?
- Ямар үйлдэл, бүтээгдэхүүн, хүн, үйл ажиллагаанууд өнгөрөгч долоо хоногт амжилттай байхад нөлөөлөв?
- Ямар үйлдэл, хүн, бүтээгдэхүүн миний цагийг хамгийн ихээр үрсэн боловч, үр дүн нь нааштай байсангүй вэ?
- Би илүү бүтээмжтэй, анхаарал төвлөрсөн байхын тулд юуг сайжруулах ёстой вэ?
Эдгээр асуултуудыг өөрөөсөө асууж, өнгөрөгч долоо хоногтоо үнэлэлт дүгнэлт хийснээр таны дараачийн долоо хоногийн ажил үйлс илүү бүтэмжтэй байх болно.
Дадал 4: Тэмдэглэл хийж явах
Та өөрийн оюун бодолд явж байгаа тэдгээр санаануудыг толгойноосоо гаргаж, цаасан дээр буулгаж байх нь зүйтэй. Уг үйлдлийг өндөр бүтээмжтэй хүмүүс ням гарагт хийдэг нь судалгаанаас харагдсан. Та цаасан дээр санаануудаа буулгах явцад сэтгэлзүйн хувьд илүү тайвширч, цэгцтэй сэтгэж бодох нөхцөл байдал сайжирсан байдаг. Тэр ч үүднээс та долоо хоног бүрийн ням гарагт хамгийн багадаа 15 минут гаргаад, тэр хугацаанд бал, тэмдэглэлийн дэвтэртэй суучих хэрэгтэй.
Дадал 5: Унших
Та аль болох их уншсанаар танаас өмнө тэр замаар явж байсан хүмүүсийн туршлагаас суралцахад чухал ач холбогдолтой. Тэдний алдаанаас суралцаж, цаашдаа тийм алдаа гаргахгүй байхад анхаарч, зорилтуудаа биелүүлэхэд шаардагдах процессыг хөнгөвчилнө. Ингэснээр та илүү бүтээмжтэй байж, өөрийн хамгийн том зорилтуудаа биелүүлэхэд нэг алхмаар ойртсон байх болно. Ийм л учраас Америкийн тэрбумтан Марк Кюбан (Даллас Маверикс багийн эзэн) өдөрт 3 цагийг уншихад зарцуулдаг, Билл Гейтс хамгийн багадаа 1 цаг ном уншсаныхаа дараа орондоо ордог, Уоррен Баффет өдрийнхөө нилээд хэсгийг уншлагын цаг болгосон байдаг нь ч учиртай.
Хэрэв та илүү бүтээлч, бүтээмжтэй, амжилттай байхыг хүсвэл дээр дурьдсан 5 зүйлийг долоо хоног бүрийн ням гарагт хийж сураарай. Танд амжилт хүсье!
Leave A Comment
You must be logged in to post a comment.