Ингэхэд та хэр нээлттэй, чөлөөтэй хүн бэ? Өөрийн бодол, боловсруулсан бизнес санаагаа бусдад ойлгуулж, өөртөө итгэлтэй сайхан ярьж чаддаг уу? Зарим хүмүүс аливаа зүйлийн талаар мэдлэг мэдээлэл сайтай, аль эсвэл зөв хариултыг мэдэж байсан ч, түүнийгээ ойлгомжтой илэрхийлэн гаргаж чадахгүй байх явдал бий. Мэдээж танд олны өмнө ярих ур чадвар, өөртөө итгэлтэй байдал дутагдаж байна гэсэн үг. Хорин хүний өмнө, хоёр зуун хүний урд ярих, тэдний анхаарлыг татах, байлдан дагуулах гэдэг хэн дуртай нэгний хийчихдэг ч зүйл биш. Ямартай ч, олны өмнө гарч ярихаас айж эмээдэг, дотоод айдастай байдаг хүмүүст дараах аргуудыг зөвлөе.
Өөрийн айдаг зүйлүүд болон зорилгуудаа бич
Таны айдаг зүйлүүдийн уг үндэс нь юу байгааг цаг гарган сайтар бодоорой. Та өмнө нь ганц нэг удаа олон хүний өмнө бүтэлгүйтэж, ээрч муурснаас болоод дахин олны өмнө ярихаас айдаг байж ч мэднэ. Аль эсвэл та төрөлхийн бүрэг ичимхий, интроверт талын хүн байж болно. Бусад хүмүүс таны талаар таагүй зүйл бодно хэмээн айдагтай ч холбоотой.
Тэгвэл дээрхи айдсуудаа бүгдийг нь жагсаагаад бичээрэй. Дараа нь тэдгээр айдсуудыг даван туулахын тулд юу хийх ёстой гэж бодож буйгаа ч сийрүүлж буулга. Миний хувьд бусадтай хуваалцах янз бүрийн санаа оноо байсан учраас олон нийтийн өмнө ярих чадвараа сайжруулах шаардлагатай болсон юм. Та бусдын өмнө өөртөө маш итгэлтэй сайхан ярьж сурснаар амьдралд тань ямар өөрчлөлт гарах тухай ч дүрслэн бичээрэй.
Та олны өмнө ярих чадварынхаа тухай ярьж буйгаа видео бичлэг хий.
Айдас болон зорилтуудынхаа тухай ярьж буйгаа заавал утсаараа бичлэг хийж аваарай. Ингэснээр камерын өмнө арай илүү чөлөөтэй, өөртөө итгэлтэй хоолойн өнгө, найруулга бүтэцтэйгээр ярьж сурна. Мөн эхэлж чадахгүй, биеэ бариад байвал цөөхөн үгтэй холбоо үг, богино өгүүлбэр зэргийг хэлж дасгал хий. “Алим амттай, лийр шүүслэг“ ч гэдэг юмуу, тун энгийн өгүүлбэрийг хэлж буйгаа бич. Дараа нь гүнзгий амьсгал аваад, бичлэгээ дахин эхлүүлж, нухацтай яриагаа хийгээрэй. Та одоохондоо том наадам дээр шагнал гардан аваад үг хэлэх гэж буйгаа хараахан бичих гэж байгаа биш гэдгийг сана. Өмнө нь таныг таагүй байдалд оруулдаг байсан чадвараа 1 хувиар ч гэсэн дээшлүүлж, өөртөө итгэлтэй байдлаа бага багаар нэмэгдүүлэх нь ЧУХАЛ.
Та өөрийнхөө ярьж байгааг дахин 10 удаа бичлэгт буулгаад бичлэг нэг бүрийг үзэж, алдаа оноогоо ажигла.
Яагаад зарим хүмүүс олны өмнө ярихаар, илтгэл тавихаар заяагдсан мэт байдаг вэ? Тэд олон хүний өмнө гараад сандардаггүй, яг л 1 хүнтэй ярилцаж байгаа мэт чөлөөтэй, тайван, өөртөө итгэлтэй ярьдаг. Та ч тийм болж болно. Гол нь өөрийнхөө ярих, илтгэх чадварыг дээшлүүлэхийн тулд өөрийнхөө бичлэгийг тогтмол хийж, алдаа дутагдал бүр дээр ажиллах хэрэгтэй. Мөн юуг зөв хийж, юу буруу хийж байгаагаа тэмдэглэж ав. Бичлэгээс бичлэгт таны нүүрний зөв дүр төрх, хоолойн өнгө, үгийн сонголт, амьсгаа авах давтамж сайжраад л явчихна. Эхэн үедээ зөвхөн өөрийн айдас, зорилтуудын талаар ярьж байсан та одоо багахан хэмжээний илтгэл тавьж буйгаа бичих нь зүйтэй. Юу ч байж болох бөгөөд хүүхэд насныхаа хамгийн дурсамжтай үйл явдал, мөрөөдлийн стартап компаний санаа гэх зэрэг цар хүрээ нь үнэхээр өргөн.
Янз бүрийн сургалт, уулзалт, эвентэд тогтмол оролцож, ганц ч атугай асуулт асууж бай.
Өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх үр дүнтэй аргачлал гэвэл хүмүүсийн өмнө бусдаас асуулт асуух, үзэл бодлоо илэрхийлэх явдал юм. Номын нээлт, хоолны клубын уулзалт, бүтээлч залуусын нээлттэй хэлэлцүүлэг зэрэгт оролцохдоо асуулт тавин хариулт авч сураарай. Таны ээлж болоход та өөрийгөө танилцуулж, асуултаа асуусныхаа дараа суугаад гүнзгий амьсгаа авч, тэрхүү бяцхан ч гэлээ ТОМ ялалтаа дотроо тэмдэглэ! Учир нь та олон хүний өмнө, тэдний хандах анхаарал, ширтэх харц дор асуулт асууж, бодлоо хуваалцаж амжлаа шүү дээ…
Сошиал медиа дээр өөрийнхөө ярьж буй видеог оруулж хуваалц.
Цаг үе хурдацтай өөрчлөгдөж, хүмүүс Youtube, Instagram зэргийн Stories-ыг ашиглан богино хэмжээний видеонууд хийх, хаана ч хамаагүй, юуны ч тухай ярьдаг болоод байна. Тэд өдрийн хоолонд юу идсэн, загасны аквариумаа хэрхэн цэвэрлэдэг, эхнэр нь нөхрөө сэдэлжүүлэхийн тулд ямар байлгахыг хүсдэг зэрэг ямар ч сэдвийн хязгаарлалтгүй хэлж ярьдаг. Олны өмнө ярьж сурахад туслах дасгал сургуулилалтын бодит жишээ нь эдгээр Стори буюу богино видеонууд билээ. Та өөрийнхөө дагагч нартай өөрийнхөө айдас, олны өмнө гарахаас эмээдэг шалтгаан зэргийг хуваалцаж, бусдаас зөвлөгөө хүссэн ч болно шүү дээ. Танд энд тэндээс зөндөө дэмжлэг зөвлөгөө ирнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Эрсдэл багатай, цөөн хүний орчинд туршаад үз.
Та ажлын газрынхаа 50 хүний урд, маш чухал илтгэл тавихын өмнө өөр, харьцангуй цөөн үзэгчийн өмнө бэлтгэлээ базаасан байх шаардлагатай. Жишээ нь хүүхдийнхээ эцэг эхийн хурал ч юмуу, аль эсвэл найзуудаараа сууж байх үедээ аль нэг сэдвийн талаар яриа эхлүүлж, тодорхой хугацаанд үзэл бодлоо хуваалцан ярь! Цөөн хүний өмнө илүү итгэлтэй ярьж чаддаг бөгөөд аяндаа таныг сонсох хүний тоо нэмэгдэж, орчин ч тэлнэ гэсэн үг.
Танд амжилт хүсье!
Leave A Comment
You must be logged in to post a comment.