Аз жаргалтай адилаар өөртөө итгэлтэй байдлыг шууд хүсээд л бий болгочихож болдоггүй. Та өөртөө итгэлтэй байхыг шууд байдлаар хүчилж хичээгээд байх аваас зарим тохиолдолд эсрэгээрээ эргэх нь ч бий. Та өөртөө итгэлтэй байдал үзүүлэхийн тулд хэтэрхий санаа зовсноор илүү сандруу, бачимдуу, түгшүүртэй нэгэн болж хувирснаа ч анзаардаггүй. За тэгвэл өөртөө итгэлтэй хүмүүс огт хийдэггүй 5 зүйлээс бүгдээрээ суралцая.

  1. Хэн нэгнээс хэт их тайвшрал хүсэх

Та айсан сандарсан үедээ бүх зүйл зүгээр болно оо хэмээн хэн нэгнийг хэлэх, тайвшруулахыг байнга хүлээж байдаг. Хэрэв та маргааш нь томоохон ажлын ярилцлагатай бол гэр бүл, найз нөхөд, бүсад хүмүүстэй ярилцаж, өөрийг тань тайвшруулахыг хүсдэг нь ойлгомжтой. Энэ бол байгалиас заяасан бидний инстинкт буюу төрөлхийн зан араншин, дадал юм. Гэхдээ ямар нэг зүйл аймаар санагдаж байлаа ч гэсэн аюултай гэсэн үг биш ажээ. Та өөртөө итгэлтэй байхыг хүсвэл өөрийн тархийг дадлагашуулах нь чухал. Хэдийгээр аливаа зүйлд санаа зовниж, түгших нь таагүй боловч энэ зүйл аюулгүй, би давж чадна аа, би сандрахгүй хэмээн тархиндаа мэдээлэл өгч бодож байх хэрэгтэй.

  1. Өнгөрсөн алдаануудаа бодож санаашрах

Санаашрах гэдэг нь бид өөрсдийн амьдралд тохиолдсон ямар нэг зүйл, аливаа алдааг эргэн санаж, “Ингэчихгүй яав даа, тэгэх л байсан юм…” хэмээн бодол санаагаа чилээхийг хэлдэг. Тэгвэл өөртөө итгэлтэй хүмүүс алдаанаасаа суралцдаг боловч, нэгэнт өөрчилж болохгүй зүйлийг дахин дахин бодлогоширч, санааширдаггүй. Тэрхүү үйлдэл нь таны сэтгэлийг зовоож, цаг завыг үрэх хандлага гэдгийг бүрэн дүүрэн ойлгосон байдаг. Бидний хувьд заримдаа ажил дээр танилцуулсан Powerpoint танилцуулгад гаргасан алдаануудаа орой унтахын өмнө бодож, унтаж чадахгүй эргэж хөрвөөх нь вий. Аль эсвэл зарим эмэгтэйчүүд нөхөртэйгөө яах гэж хэрэлдэв, түүнд хэтэрхий шүүмжлэлтэй хандчихав уу, эсвэл тэр хэтэрхий эмзэг байв уу хэмээн олон дахин бодож, сэтгэлээ чилээдэг. Хэрэв та өөртөө итгэлтэй нэгэн баймаар байвал өнөөдрөөс эхлээд өнгөрсөнд гаргасан өөрчилж болохгүй алдаануудыг бодож санаашрахаа зогсоо.

  1. Өөрөөсөө хэтэрхий ихийг хүсэх

Өөртөө итгэлтэй хүмүүс нь anti-perfectionist буюу бүх зүйл төгс биш гэдгийг бүрэн ухамсарлаж чаддаг. Хэт их шаардлагыг өөртөө тавьдаг, бүхнийг төгс байлгахыг хүсдэг хүмүүс эргэн тойрондоо болон өөртөө ч үргэлж дарамт шахалт болж, “ардуураа алж” байдаг. Та бусдын л адил эгэл хүн учраас хийж амжихгүй, бодож чадахгүй, сэтгэж хүрэхгүй, өргөж дийлэхгүй зүйлүүд байдаг гэдгийг хүлээн зөвшөөр. Өөртөө тэвчээртэй байдлыг аажмаар суулгаж, зарим зүйлүүд таны хяналт, чадвараас гадуур гэдэгтэй эвлэрч, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч суралц. Ингэснээр таны өөртөө итгэлтэй байдал аажимдаа нэмэгдэнэ.

  1. Өөрийнхөө хянаж чадахгүй зүйлд санаа зовних

Зарим хүмүүс ирээдүй болон бусдын талаар маш их санаа зовнидог. Энэ 2 нь таны хяналтаас гадуур учраас та яаж ч хүсээд ирээдүй, бусад хүмүүсийг дураараа чиглүүлж чадахгүй. Бусдын юу бодох, таныг хэрхэн харах, ирээдүйд юу тохиолдох зэрэг нь та хянаж чадахгүй зүйлүүд гэдгийг зүгээр л хүлээн зөвшөөр. Өөрийн хянаж чадахгүй зүйлдээ анхаарал хандуулж, эрч хүч, энерги зарцуулахын оронд өөрийн тань хяналтанд байдаг зүйлүүддээ илүү анхаар, сайжруул. Тэгвэл үр дүн нүдэн дээр тань гарч, цаг зарцуулалт ч сайжирна.

  1. Сэтгэл хөдлөлдөө автан шийдвэр гаргах

Өөртөө итгэлтэй хүмүүс нь үнэ цэнэд суурилсан шийдвэр гаргалтыг хийдэг. Харин өөртөө итгэлгүй хүмүүс сэтгэл хөдлөлд суурилсан шийдвэр гаргадаг. Хүн заримдаа юу мэдэрч байгаа, сэтгэл хөдлөлдөө автан болчимгүй шийдвэр гаргачих гээд байдаг нь үнэн. Уул шугамандаа та танд хамгийн чухал нь юу вэ гэдэг дээр үндэслэн шийдвэр гаргах ёстой юм. Бидний сэтгэл хөдлөл нь ихэвчлэн богино хугацаанд биднийг сайхан байлгах, сэтгэлээ амраахад чиглэгдсэн байдаг. Жишээ нь: өвдөлтөөс зайлсхийх, жаргалыг мэдрэх, таашаал авах гэх мэт. Үүнд мэдээж буруу зүйл үгүй. Гэхдээ богино хугацаанд буюу одоо сайхан байх мэдрэмжийн төлөө хөөцөлдөх нь алсдаа, ирээдүйн сайн сайхныг золиослож байх нь түгээмэл. Жишээлбэл: та одоо авах тэрхүү гоё мэдрэмжийн төлөө хэдэн зайрмаг угсруулж идэх, түргэн хоолны газруудад хооллох зэрэг нь таны хэтийн эрүүл мэнд, сайн сайхны эсрэг шийдвэр гаргалт болж байдаг.

Таны Бизнес Зөвлөх: Startupterminal.mn