Хүн цаг ашиглалтыг зөв байлгаж чадсанаар илүү чухал зүйлүүддээ цаг гаргаж чаддаг. Ингэснээр таны анхаарал сатаарах нь ч багасч, тавьсан зорилтуудад хүрэх бүтээмжийг дээшлүүлдэг. Эсрэгээр олон цаг гар утсаа ухах, нийгмийн харилцааны сайтуудаар тэнэх нь ажлын бүтээмж, амьдралын тэнцвэрийг үгүйсгэж байдаг юм. Тэгвэл танд 60-30-10 зарчмыг санал болгож байна. Та уг аргачлалаар цагийн менежментээ хуваарилснаар ажил амьдралд тань эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгээрэй. Өдрийн аль цагт ямар ажлыг хийх нь зөв болохыг илүү бүтэцтэйгээр хуваарилж өгөхөд 60-30-10 зарчим нөлөөлдөг. Мэдээж 60 хувь нь хамгийн чухал ангилал, 30 хувь нь дунд зэргийн, 10 хувь нь ач холбогдол хамгийн бага зэрэглэлд орно.
Ажлын нэг өдөр хийх ажлуудаа хуваарилахдаа 60 хувьд нь хамгийн өндөр үнэ цэнэтэй ажлууд, 30 хувьд нь таны зорилтыг биелүүлэхэд туслах боловч үнэ цэнэ багатай ажлууд, харин үлдсэн 10 хувьд нь маргааш хийх ажлуудаа бэлтгэхэд туслах үйл ажиллагаануудыг жагсааж бичээрэй.
60 хувь буюу өндөр үнэ цэнэтэй ажлууд
Хэрэв та өдрийн эрч хүчээ бүгдийг хийж амжуулна гээд ямар ч хуваарилалтгүй зүтгэх аваас зохион байгуулалт алдагдаж, бүтээмж буурч, хамгийн чухал зүйлүүдээ хагас дутуу хийсэн байдалтай өдрийг авах вий. Үр дүнг сайжруулахын тулд нийт хийх ажлуудаасаа хамгийн үнэ цэнэ ихтэй, ач холбогдол өндөр ажлуудаа ялга! Таны ажлын өдрийн 60 хувь тань зөвхөн хамгийн үнэ цэнэ ихтэй ажлуудад ноогдох ёстой юм. Үнэ цэнэ ихтэй ажлууд нь урт хугацааны зорилго, чиглэл, даалгавруудыг биелүүлэхэд хувь нэмэр оруулдаг.
30 хувь буюу үнэ цэнэ багатай ажлууд
Өдрийн нийт цагийн 30 хувийг яаралтай боловч, тийм ч чухал ач холбогдолтой биш хэмээн ангилж болох ажлуудад зориул. Жишээ нь файлуудыг янзлах, утасны дуудлагад хариу өгөх, багийнхаа ажлын мэдээлэлд update хийх, имейл боловсруулах, тайлан бичих зэргийг энэ ангиулалд оруулах нь түгээмэл. Та цахим шуудан бүрийг нэгбүрчлэн нээснээр шийдвэр гаргалт юмуу шийдэл сонголттой нүүр тулгарч, таны анхаарал сатаардаг. Дунд зэрэглэлийн эдгээр ажлууд нь өдөр тутам хийгдэх ёстой яаралтай ажлууд мөн боловч, урт хугацааны өндөр үнэ цэнэтэй биш, зорилгоо биелүүлэхэд тань шууд байдлаар туслахгүй байвал эхлээд хамгийн үнэ цэнэтэй ажлуудаа л хийх нь зөв. Хэн ажлынхаа ихэнх цагийг төлбөр төлөх юмуу мейлд хариу бичихэд зарцуулахыг хүсэх билээ? Ер нь энэ ангилалд багтдаг ажлуудыг нийлүүлээд автоматчилах нь хамгийн зөв хувилбар. Техник технологи хөгжсөн өнөө үед дээрхи ажлуудыг ухаалаг аппликейшнд даатга.
10 хувь буюу маргаашийн ажилд туслах ажиллагаанууд
Та өдрийг хэрхэн төгсгөх нь маш чухал бөгөөд маргааш ажлын өдрөө хэрхэн эхлүүлэхийг тодорхойлж байдаг. Энэ ангилалд багтаж буй ажлууд нь таны урт хугацааны зорилго зорилтод үнэ цэнэ хувь нэмэр оруулахгүй боловч маргаашийг үр дүнтэй эхлүүлэхэд тусалж өгдөг. Зарим хүмүүс энэ ангиллын ажлуудад өдрийнхөө нийт цагийн 10-аас бага хувийг зарцуулах нь ч бий. Энэ зөвхөн танаас л шалтгаална гэсэн үг. Та 10 хувийн ажлуудын хүрээнд маргааш хийх ажлын жагсаалт гаргах, аль эсвэл өмнөх жагсаалтаа дүгнэх, ажлын ширээн дээрхи бичиг цаасаа янзлах, хавтаст файлуудаа цэгцлэх зэргийг гүйцэтгэж болно.
Startup Terminal – Танд амжилт хүсье!
Leave A Comment
You must be logged in to post a comment.