Маркетинг хийхгүйгээр бизнес амжилт гаргаж болох уу? Магадлал тун бага. Урт удаан хугацааны маркетингийн стратеги барьдаггүй ч гэлээ, үйл ажиллагаагаа таниулах маркетинг тодорхой хэмжээнд хийсээр байдаг компаниуд хамгийн түгээмэл. Тэгвэл орлогыг нэмэгдүүлж, бизнесийг өсгөхөд тусалдаг, судалгаагаар нотлогдож, практикаар сайшаагдсан хэд хэдэн маркетингийн стратегийг хуваалцая.

Зах зээлийн нэвтрэлтээ нэмэгдүүл

Судалгаанаас харахад та одоо байгаа харилцагч нартаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэж хүргэх боломж нь шинээр харилцагч олохоос 60-70 хувь илүү болох нь батлагдсан. Жишээлбэл: Танайх томоохон цогцолбор, үйлчилгээний төв, обьекттэй тохиолдолд аль нэг түрээслэгч байгууллагад сайн үйлчилгээ үзүүлээд, зөв бодлогоор чиглүүлээд байх аваас нэмэж талбай түрээслэх, аль эсвэл өөр бизнест хамтрах санал тавьж болно. Нэгэнт л танай байгууллагатай ямар нэгэн байдлаар холбогдсон бол танайд талтай, танай үйлчилгээний чанарыг мэднэ гэсэн үг.

Хэрхэн, яаж гүйцэтгэхийг хуваалцсан заах аргын видеонууд хийж бай

Манай дэлхийн 2 дахь том хайлтын систем болох Youtube байгаа цагт та видео маркетингийг тогтмол хийж байх нь зүйтэй. Гэхдээ амжилттай видеоны маркетинг гэдэг нь сурталчилгааны видео хийгээд байхыг хэлдэггүй. Сүүлийн үед хэрэглэгч юмуу тухайн байгууллагын ажилтан, менежрүүд өөрөө хийсэн UGC (user generated content) контент хүнд хамгийн ихээр, үр дүнтэй хүрч байна. Асуудлыг хэрхэн шийдэх, зөв зүйтэй гүйцэтгэх талаар зааж, бодитоор харуулсан видео контент хийж өөрийнхөө пейж хуудас юмуу сошиалд тавьж байхыг зөвлөж байна. Хүмүүс аль нэг зүйлийг зүгээр уншихаас илүүтэйгээр яаж хийдэг, хэрхэн гүйцэтгэж байгааг видеогоор харах дуртай байдаг ажээ. Мандала орон сууцны борлуулалтынхан гэхэд сүүлийн үед нэг борлуулагчаараа тогтмол цаг товлоод лайв хийдэг болсон. Хүмүүс нэг цагт тухайн борлуулагчаас байрны талаар асуух мэдээллийг бөөнд нь авчихна гэсэн үг.

Бичил нөлөөлөгчидтэй хамтран ажилла!

2022 он гэхэд нөлөөлөгчдийн маркетинг нь аль хэдийн 15 тэрбум ам.долларын салбар болох тооцоолол байна. Хүмүүсийн хувьд нөлөөлөгч гэхээр л олны танил жүжигчин, од хүнийг боддог. Гэтэл яг үнэндээ бичил нөлөөлөгчид буюу 5,000-20,000 дагагчтай, салбартаа өөрийн гэсэн хүрээлэл бий болгосон, эксперт ч гэх юмуу мэргэжилтэн хүний үг хамгийн хүртээмжтэй байдаг. Тэд яг зорилтот зах зээлдээ хүрч чаддаг, хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгч чаддаг, тэр хэрээрээ хүндлэл хүлээсэн, бизнесийн идэвхжүүлэлт хийж болохоор хүмүүс байдаг. Та бизнесээ тэлж, үйл ажиллагаагаа сайжруулж, орлогоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа тохиолдолд бичил нөлөөлөгчидтэй хамтран ажиллахыг зөвлөе.