Маркетерууд, борлуулагч нар нарийн мэдрэмжгүй байснаас болж, яг худалдан авалт хийх гэж байсан хүнийг үргээх явдал түгээмэл байдаг. Хэзээд нь ярьж, хэзээ ярихаа болихоо мэдэж байх нь торгон мэдрэмж шаардагддаг. Үйлчлүүлэгч нар худалдан авахыг хүсэхгүй, авахгүй гэж шийдсэн тохиолдолд түүнийг өөрчлөхөд маш хүнд байдаг. Харин үйлчлүүлэгч худалдаж авахаар шийдчихсэн байх үед та тэр хандлагыг маш хурдан мэдэрч, түүнийг шийдвэрээ өөрчлөхгүй байхад нь анхаарах хэрэгтэй. Үйлчлүүлэгч нар өөрсдөө ч мэдэлгүйгээр буюу далд ухамсартаа хөтлөгдөн худалдан авалт хийе хэмээн шийдчихсэн байгааг харуулдаг дараах үйлдлүүдийг тогтоогоод аваарай.

  1. Бүтээгдэхүүнд хүрэх

Хэрэв үйлчлүүлэгч бүтээгдэхүүнд хүрч байгаа бол тэр худалдан авахад бэлэн болсныг харуулдаг том шинж тэмдэг. Үйлчлүүлэгчид таны зарласан хямдрал, худалдан авалт хийх зэрэг ямар ч хамаагүй болж, тэд зөвхөн өөрийн болгох зүйлдээ л анхаарч байгаа үе. Тэд аливаа зүйлд хүрч байна аа гэдэг нь түүнийг өөрийн болгохоор шийдсэн, өөрийн гэж үзэж эхэлж буйн шинж. Та үйлчлүүлэгчийг худалдан авах гэж байгаа бүтээгдэхүүнд нь “хүрээд үзээч, бариад үз” гээд шалаад байх нь харин ч эсрэг үр дүн авчирдаг. Түүний оронд үйлчлүүлэгч таныг юм хэлэхээс өмнө өөрөө бүтээгдэхүүнд хүрч үзээд байвал тэд худалдан авахад бэлэн байгаагийн илэрхийлэл.

        2. Түрийвч, зээлийн карт, бэлэн мөнгөндөө хүрэх

Үйлчлүүлэгч төлбөрийн аль нэг нэг хэрэгслээ харуулж, түүндээ хүрч эхэлбэл худалдан авалт хийхэд бэлэн болсныг илтгэнэ. Заримдаа үйлчлүүлэгч нар шууд түрийвчээ гаргах, төлбөрийн хэрэгслүүдээ ил болгох нь цаг хугацаа хэмнэж байгаагийн илэрхийлэл ч байж болдог. Тэд аль болох хурдан шийдвэрээ гаргаад худалдан авах гэж байгаа үед та бүтээгдэхүүний танилцуулга, үзүүлэлт зэргийг нуршин ярих нь харин ч түүнийг үргээчихэж мэднэ. Хэрэглэгч үйлчлүүлэгчийн боловсролыг ахиулах хэсгээ бушуу зогсоож, худалдааг хийх нь илүү үр дүнтэй болсон цаг юм. Үйлчлүүлэгч төлбөрийн карт юмуу түрийвчээ ил барьсан үед та “манайх үнэхээр чанартай, гоё шүү, та харамсахгүй” зэрэг элдэв зүйл ярихаас татгалз.

         3. Төлбөр хийх хэлбэрийг асууж лавлах

Үйлчлүүлэгч нар өөр хоорондоо ялгаатай олон зүйлүүдийг лавладаг. Тэдгээр асуултуудын зарим нь зүгээр л сониуч байдалтай нь холбоотой байдаг. Гэхдээ зарим үйлчлүүлэгч нар худалдан авалт хийхэд бэлэн болсон асуултуудыг тавих нь ч бий. Хэрэв үйлчлүүлэгч танайд зөвшөөрөгдөх төлбөрийн хэлбэрийн талаар асууж байвал тэд бэлэн болсныг илтгэнэ. Төлбөрийн хэлбэр гэдэг нь бэлнээр төлөх, чек ашиглах, зээлийн карт болох эсэхийг лавлаж буйг хэлнэ.

           4. Баталгаат хугацааны талаар асуух

Худалдан авалт хийхээр шийдээгүй үедээ баталгаат хугацаа, баталгааны бичгийн талаар асуух нь маш ховор тохиолдол. Дээрхи асуултыг асууж байгаа тохиолдолд үйлчлүүлэгч аль хэдийн авах шийдвэрээ гаргасан, өөрийнхөө эзэмшлийн бүтээгдэхүүнд санаа тавьж эхэлж байгаагийн илэрхийлэл юм. Түүнчлэн танаас үнийн санал асууж, маш олон зүйлийг лавлаж байгаа асуултууд дунд баталгаат хугацааны талаар асуусан байвал өөр хэрэг. Худалдан авах гэж байгаагийн шинж биш гэж болно. Харин зөвхөн тусдаа нэг асуулт, тэр нь баталгаат хугацааны талаар сонирхож байвал тэр шийдээ аль хэдийн гаргачихсан байна гэсэн үг.

         5. Суурилуулалт, засвар үйлчилгээний талаар тодруулах

Энэ нь баталгаат хугацаа асууж лавлаж байгаатай маш төсөөтэй. Үйлчлүүлэгч аль хэдийн худалдан авахаар шийдчихсэн, одоо зөвхөн хэрэглээ, дагалдах засвар үйлчилгээг сонирхож буй хэрэг. Тэд худалдан авсан бүтээгдэхүүнээсээ хэрхэн кайф авах талаар бодож байгаа цаг үе. Энэ үед та шаардлагагүй зүйлүүд ярьж л түүнийг шийдвэрээ эргэн харахад хүргэчихгүй бол бүх зүйл сайнаар эргэх нь гарцаагүй. Дээрхи шинж тэмдэг ажиглагдсан үед аль болох товч бөгөөд тодорхой, цөөн үгээр хариулж, үйлчлүүлэгчтэй харьцах нь зөв. Элдвийг нуршиж, өөрийгөө бүр илүү асуултанд оруулж, будилах нь үйлчлүүлэгчийг эргэлзэхэд хүргэдэг. 

Таны бизнесийн зөвлөх – Startup Terminal