Байгууллагын удирдах ажилтнууд өөрийн мэдрэмж, зөн совин, олж авсан туршлагадаа тулгуурлан бүхий л шийдвэрээ гаргадаг байсан цаг саяхан. Хэн илүү мэдрэмжтэй, мэдлэгтэй, туршлагатай нь бизнесийн талбарт илүү сайн үр дүн үзүүлдэг байв. Сул тал нь гэвэл тэр мэдрэмж, туршлагатай мундаг удирдагчид компаниа орхивол асуудал үүснэ. Өнөө цагт дижитал шилжилт өрнөснөөр он удаан жил явж ирсэн энэ уламжлалт арга барил өрсөлдөх чадваргүй болж эхлэв. Учир нь байгууллагын шийдвэр гаргах үйл явцын гол цөм нь туршлага, мэдрэмж биш, харин дата болж хувирсан юм.

Өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааны үр дүнд төрөл бүрийн дата үүсэж байдаг, тэр дата-аа ангилан боловсруулж, дүгнэлт хийхэд шаардлагатай дашбоардуудтай болсноор одоо яг юу болоод байна, цаашид юу хийвэл, ямар арга хэмжээ авбал дээр вэ, ялгаатай нөхцөл, хувилбаруудыг яаж хурдан туршиж, хурдан алдаж онох вэ, гэх зэрэг шийдвэрүүдийг гаргах боломжуудыг нээж өгдөг.

Дэлгэрүүлбэл цаг хугацаа, хүн хүч хаана дэмий үрэгдээд байгааг олж харснаар дотоод процессуудаа сайжруулах, оновчлох, төсөв, төлөвлөгөө боловсруулах, шинэ бизнес эхлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, бараа татан авалт, үйлдвэрлэлийн төлөвлөлтийг борлуулалттайгаа уялдуулах, төрөл бүрийн маркетинг, харилцагчдын хандлага, зан төлөв, санхүүгийн дүн шинжилгээнүүд хийх, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах гээд тоо томшгүй олон бизнесийн шийдвэрүүдийг дата ашиглан гаргах боломжтой, нэн ялангуяа дата-нд суурилснаар аливаа шийдвэрийн бодит үр дүнг нь урьдчилан таамаглах боломжтой болдгийг хүн төрөлхтөн аль хэдийн хүлээн зөвшөөрчээ.

Өнөө үед зах зээлд эзлэх тулаанд Data-Driven компаниуд нь зөн совин, мэдрэмждээ итгэгсдээс улам хол тасарч байгаа тухай олон судалгааны үр дүнгүүд гарсаар байна. Amazon, Netflix, Domino’s Pizza гэх мэт компаниуд чухам л Data-Driven стратегийнхаа хүчээр өөр өөрийн салбартаа дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компаниуд болж чадсаныг та бүхэн бэлхнээ мэдэх биз ээ.

“McKinsey Global Institute-ийн судалгааны тайланд дурдсанаар data-driven компаниуд шинэ харилцагч татахдаа бусдаас 23 дахин их, харилцагчдаа тогтоон барих тал дээр 6 дахин их, бусдаас илүү ашиг орлоготой ажиллах тал дээр 19 дахин их боломжтой болдог гэжээ.”

  • Орчин үед хүний нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх дундаж хугацаа 8-хан секунд болжээ; энэ цаг үеийн ажилтнуудын 80% нь хаанаас ч хамаагүй ажлаа хийхийг хүсдэг болов; дэлхий дээрх нийт дата-ны 90% нь сүүлийн хоёрхон жилд үүсэж бий болсон байх юм; тэрбум гаруй хүний хувийн нууц мэдээлэл нийтэд ил болсон нь аюулын харанга дэлдэж байна.

Эх сурвалж: itzone