Data-Driven болох үндсэн шалтгаанууд болон үүсэх давуу талуудын талаар дурдъя:
- Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, урагшаа харж, тэмүүлж яваа компаниуд бүгд Data-Driven болж байна, тэдэнтэй өрсөлдөхийн тулд бид яах аргагүй Data-Driven болох ёстой.
- Хурдан, өөртөө итгэлтэй шийдвэр гаргах боломжтой болно. Учир нь өөрийн тань мэдрэмж зөв эсвэл буруу байсныг дата хэлж өгч чадна.
- Дата-нд суурилж зөв таамаглал бүхий шийдвэр гаргаснаар зардлын хувьд илүү хэмнэлттэй ажиллах болно. Мэдрэмж, туршлагадаа найдан алдаатай шийдвэрүүд гаргаж, компанидаа үлэмж их хэмжээний зардал, алдагдал авчирсан үй олон жишээ дэлхийгээр дүүрэн бий!
- Илүү хурдтай зах зээлд хариу үзүүлэх боломж олгоно, Agile байгууллага болохын тулд зөвхөн Data-Driven болохоос өөр арга зам үгүй.
- Дата-нд суурилснаар бүхий л процесс илүү нээлттэй болж, ажилтан менежерийн хооронд итгэлцэл дээшилж, ажилтнуудын хувьд урт хугацаандаа тогтвортой ажиллах сэдэл бий болдог.
- Харилцагчийн сэтгэл ханамж, зан төлөв, хандлага, борлуулалт, дотоод үйл ажиллагааны бүхий л үйл явц, мөн шинэ болон алдсан боломжуудаа цаг тухайд нь мэдэх боломжтой.
- Шаардлагатай мөч бүрд бүх оролцогч талуудаас feedback авснаар үйл ажиллагаагаа сайжруулах, төгөлдөршүүлж, хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Data-Driven болохын тулд ямар суурь нөхцөл, бэлтгэл хангагдах ёстой вэ?
Орчин үеийн ажилтнууд тохь тухтай оффисын орчин гэхээсээ илүү орон зай, цаг хугацаанаас үл хамааран хаанаас ч хамаагүй ажлаа төвөггүй хийх технологийн таатай орчныг илүү их хардаг, сонирхдог болжээ. Өөрөөр хэлбэл шаардлагатай цаг үед ажлынхаа системүүдэд хаанаас ч хамаагүй холбогдон мэдээлэлд хандан, дата оруулах, харах, засах үйлдлүүд хийн, бусад хүмүүстэй онлайнаар идэвхтэй харилцаа үүсгэж, цаг алдалгүй ажлаа гүйцэтгэх, шийдвэр гаргах боломжийг байгууллагууд олгох шаардлагатай болсон байна. Үүнийг орчин үеийн ажлын байрны үндсэн шаардлага гэж хэлж болно.
Харилцагчдынхаа зан төлөв, нийтлэг болон онцлог шаардлагуудыг маш сайн ойлгож мэдэхгүйгээр бизнес хийх бараг боломжгүй болж байна, учир нь харилцагчид маш их мэдээлэлтэй, мэдлэгтэй болсон. Үүний тулд бид ERP-ийн төрөл бүрийн бизнесийн аппликэйшнийг өргөн ашиглахаас өөр аргагүй болж байна. Мөн дотоод процессоо байнга оновчлон сайжруулж, технологийн дэд бүтцүүдээ төгөлдөршүүлж, улам амар хялбар, ойлгомжтой болгохыг зорьж ажиллахгүй бол нэг мэдэхэд өрсөлдөгчдөөсөө хоцорсон байх эрсдэл хаалган дээр иржээ.
Мөн дижитал орчны бас нэг мартаж болохгүй томоохон хэсэг нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай асуудал юм. Бүх зүйл дижитал руу шилжих тусам мэдээллийн аюулгүй байдлын асуудал улам хурц, төвөгтэй болж, үүнийгээ дагаад энэ чиглэлийн технологийн шийдлүүд маш хурдтай хөгжиж байна.
Data-Driven компани болох бидний зорилт
10-аадхан жилийн өмнө байгууллагууд зөвхөн санхүүгийн програм л хэрэглэдэг байсан бол өнөөдөр маш олон төрлийн програм, бизнес аппликэйшнийг ашигладаг болжээ. Манай компани л гэхэд Хүний нөөц, Харилцагчтай түншлэх, Нийлүүлэлт хангамж, Гэрээний менежмент, Санхүүгийн гээд цогц ERP систем, Microsoft Office 365-ийн Outlook, Teams, Sharepoint, Skype for Business, OneDrive, Yammer гэх зэрэг 10 гаруй аппликэйшн, Tableau BI, Jira, Hubspot гээд нийтдээ 20 орчим програм хангамжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Гол зорилго нь бизнесийн бүхий л үйл ажиллагаагаа автоматжуулж, дижитал болгосноор Data-Driven стратегийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ олон програм хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх том ажил нэг шөнө хийгдээгүй нь ойлгомжтой, сүүлийн 10-аад жилийн турш олон хүмүүсийн тууштай зүтгэл, манлайлал, итгэл, сэтгэл, хөлс хүчээр бий болсон агуу их хөдөлмөрийн үр дүнд биеллээ олсон ажил билээ.
Энэ бүхний ард бид Data-Driven компани болох үндэс суурь тавигдаж байна гэж ойлгож болно. Data-Driven компанийн ажилтнууд илүү бүтээмжтэй, санаачилгатай болдог гэсэн судалгаа бий. Мөн Agile хэлбэрээр илүү хурдтай, уян хатан ажиллах боломжийг бүрдүүлнэ. 2019 онд бид ажлын бүтээмж, үр дүнгээ улирлаар биш, сараар хэмждэг болох зорилго тавин ажиллаж байна. Data-Driven арга барилаар энэ зорилгыг биелүүлэхэд илүү амар дөхөм болох юм. Өөрөөр хэлбэл Data-Driven стратеги нь цэвэр бүтээмж, үр дүнд суурилсан үнэлгээний системийг нэвтрүүлэх боломжийг олгоно.
Бид ажилтнуудынхаа цагийг нарийн бүртгэж, оффис дээр заавал ирүүлж, ширээнийхээ ард сууж ажлаа хийж үү гэдгийг хянадаг уламжлалт арга хэлбэрээс аажмаар татгалзан, улам бүр ажилтны цэвэр бүтээмж, үр дүн, хувь нэмрийг үнэлэх системд суурилсан арга барилтай компани болох зорилт тавин шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Бид ажилтнуудынхаа цагийг нарийн бүртгэж, оффис дээр заавал ирүүлж, ширээнийхээ ард сууж ажлаа хийж үү гэдгийг хянадаг уламжлалт арга хэлбэрээс аажмаар татгалзан, улам бүр ажилтны цэвэр бүтээмж, үр дүн, хувь нэмрийг үнэлэх системд суурилсан арга барилтай компани болох зорилт тавин шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2017 онд бид flexible time буюу уян хатан цагийн системийг боломжит ажлын байрууд дээр авч хэрэгжүүлсэн. Харин 2018 онд борлуулалтын ажилтнуудаа хаанаас ч хамаагүй ажлаа хийх боломжийг олгосон, 2019 оноос сарын алхмын тодорхой шалгуур хангасан газар хэлтсүүдийн ажилтнуудыг цагаа бүртгүүлэх шаардлагагүй болгох боломжийг олгохоор бэлтгэл ажлуудаа хангаж байна. Энэ бүх санаачилгууд маань эцсийн эцэст ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлэх ганцхан зорилготой, учир нь сэтгэл ханамжтай хүн хийж буй ажилдаа илүү дур сонирхолтой болсноор ажлын стресс багасаж, бусад ажилтнууд, харилцагчидтай илүү эелдэг, сайхан харилцаа үүсгэнэ; аливаад хүлэгдэж, баригдахгүй, илүү уян хатан чөлөөтэй ажлаа хийх боломжтой болсноор бүтээмжтэй, санаачилгатай, өөрийгөө илүү удирдан залдаг, хариуцлагатай, үр дүнд чиглэсэн арга барилтай, хувь хүний хувьд хийе бүтээе гэсэн зөв эерэг хандлагатай болно гэдэгт бид туйлын их итгэж байгаа, эхний авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгүүд ч эерэг гарч байна.
Үүнийг бид маш том сэтгэлгээний, оюун санааны, ажлын орчны, амьдралын хэв маягийн эерэг, радикал, үсрэнгүй өөрчлөлт гэж харж байгаа.
Эх сурвлаж: https:itzone.mn
Leave A Comment
You must be logged in to post a comment.