1. Бичиж, төлөвлөх

Хийх шаардлагатай бүхий л ажлаа тэмдэглэж авах. Ингэснээр хийх ажлуудаа мартаж, санан толгойгоо өвтгөх шаардлагагүй болно. “Getting Things Done” гэх номыг бичсэн зохиолч Дэвид Аллен өөрийн номондоо дурдахдаа хүн өөрийн хийж дуусгаагүй ажил даалгавраа дахин дахин өөртөө сануулж, толгойдоо хадгалах нь тэднийг улам ядрааж, ажлын бүтээмжийг нь бууруулдаг талаар бичсэн байна.
Тэрээр ажил, амьдралаа илүү эмх цэгцтэй байлгаж, цаг хугацаа хэмнэх хамгийн шилдэг арга бол өөрийн гэсэн итгэж болох систем, төлөвлөгөөг гаргах гэж үзжээ.
Үүнийг хийхийн тулд та ажлаасаа тарахдаа эсвэл орой унтахынхаа өмнө 10 минутыг маргааш хийх ажлынхаа талаар бодож, төлөвлөхөд зарцуулах хэрэгтэй. Ингэснээр та өглөө ажлаа хаанаас нь эхлүүлэх талаар шийдэх гэж цаг үрэх шаардлагагүй. Учир нь бүх зүйл тодорхой байх болно.

2. Хэцүүгээс нь эхлэх

Хүн бүрийн ажлын жагсаалтанд зайлшгүй хийх шаардлагатай боловч хийхэд хэтэрхий их эсвэл, хэцүү учраас хийхгүй хойшлуулдаг зүйлс байдаг.
Энэ нь таны хийхийг хүсэхгүй байгаа утасны дуудлага эсвэл хэрхэн эхлэхээ мэдэхгүй байсан учраас хойшлуулсан блогийн пост, хэтэрхий их учраас хийхэд хэцүү байгаа ажлын төсөл гэх мэт олон зүйлс байж болно.

Тэгвэл ямар ч хүнд хэцүү ажил байсан дараа хийнэ гэж хойшлуулах хэрэггүй. Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол тэр зүйлээ хамгийн эхэнд хийгээрэй.

Учир нь өдрийн эхэнд хамгийн хэцүү ажлыг хийж гүйцэтгэсний дараа бүх өдрийн турш урам зоригоор дүүрэн байх болно.

Хэдий тийм ч ихэнх хүмүүс хэцүүгээс нь биш харин амархан зүйлээс нь эхэлдэг. Өдрийг эхлүүлэхдээ мэдээж овоорсон их ажлыг гэнэт хийнэ гэдэг амаргүй зүйл. Тиймээс бүгдийг нь нэг дор хийхийн оронд тухайн ажлынхаа багахан хэсгээс хийж эхлүүлэхэд хангалттай. Заавал бүгдийг нь хийж дуусгах гэж хичээх шаардлагагүй.
Ингэснээр таны байнгын хойшлуулдаг хэцүү ажил тань дундрахын зэрэгцээ үргэлжлүүлэн хийхэд илүү урам зоригтой байх болно.

STARTUP TERMINAL- Таны бизнесийг нисгэнэ. 77001981

3. Анхаарал сарниулах зүйлсийг өөрөөсөө холдуулах

Мэдээж хэрэг бидний ажлын бүтээмжийг үгүй хийдэг зүйлс бол интернэт, имэйл, гар утас. Хэдийгээр өнөө үед техник, технологи бидний амьдралыг улам амар хялбар болгож байгаа боловч үүний зэрэгцээ ажлаа хийж гүйцэтгэх, ажилдаа төвлөрөхөд ихээхэн бэрхшээлийг бий болгодог. Тэгвэл энэ асуудлыг шийдэх цорын ганц зүйл бол тэдгээр анхаарал сарниулах зүйлсийг өөрөөсөө холдуулж, ажилдаа төвлөрөх боломжтой орчин нөхцлийг бий болгох юм. Энгийнээр хэлбэл урьдчилсан арга хэмжээ авах.

Жишээлбэл: утсаа унтраах (утасныхаа дууг хаах), интернэтийг хэсэг хугацаанд салгах (эсвэл Facebook, Twitter зэрэг зүйлсээс гарах), ажиллаж байхдаа оффисын хаалгаа хаах гэх мэт.
Зөвхөн тухайн ажлыг хийх хугацаанд (нэг цаг, 30 минут, хагас өдөр) бүхий л гаднаас ирэх таны анхаарлыг сарниулах зүйлсийг өөрөөсөө холдуулж, ажилдаа төвлөрөх орчныг бүрдүүлээрэй.

4. Завсарлага авах

Удаан хугацааны турш нэг зүйлд анхаарлаа хандуулж төвлөрч ажилласны дараа хэсэг хором завсарлага авч амрах хэрэгтэй. Та хичнээн их завгүй байсан ч өөрийн бие махбодийг амраах хэсэг хормыг өөртөө зарцуулах шаардлагатай. Завсарлага авч дасгал хийх, юм ууж суух, эргэн тойрноороо алхах гэх мэт ажлаасаа өөр зүйлд цаг гаргаж буцаад ажилдаа орох юм бол та илүү сэргэг, эрч хүчтэйгээр ажлаа үргэлжлүүлэх болно.

5. Өглөөний цайндаа эрүүл хоол хүнс хэрэглэх

Өглөөний цайгаа алгасалгүй уух, өглөөний цайндаа эрүүл хүнс хэрэглэх нь таны биеийн байнгын эрүүл байдалд сайнаар нөлөөлөх болно. Эрүүл биед саруул ухаан оршино гэдгийн адилаар таны бие эрүүл байгаа нөхцөлд ажлын бүтээмж ч мөн сайн байх болно.

6. Дасгал хөдөлгөөн хийх

Өмнөх зөвлөмж дээр хэлсний дагуу эрүүл мэнд сайн байгаа нөхцөлд хүн ажлаа илүү их бүтээмжтэй хийдэг. Тэгвэл эрүүл мэнддээ анхаарах бас нэгэн энгийн арга бол өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийх юм.
Дасгал хөдөлгөөн хийснээр хүний зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлт сайжирч илүү эрч хүчтэй байх боломжтой.

7. Бусдаас тусламж авах

Зарим хүмүүсийн хувьд өөрийн ажлыг бие даан хийж, гүйцэтгэх нь бусдад ажлаа тайлбарлаж, тэднээс тусламж авахаас илүү амар хялбар байдаг. Гэвч бүх зүйлийг зөвхөн та бие дааж ганцаараа хийх шаардлагагүй. Энэ нөхцөлд ажлын хамт олон, найз нөхдөөсөө тусламж хүсэх эсвэл ажлаа гүйцэлдүүлэхийн тулд өөр хүн хөлслөх гэх мэт аргуудыг ашиглах боломжтой. Ингэснээр үнэхээр хийхэд хэцүү, их цаг зарцуулах ажлуудаа илүү богино хугацаанд, хялбар байдлаар хийх юм.

Эх сурвалж: Gape advice