Хэний ч өмнө үзэж харж байгаагүй аюултай цар тахал дэлхий ертөнцөд нүүрлэж, өнөөдөр бүх л бизнесүүд энэ хүнд цаг үед дөнгөн данган живчихгүйхэн шиг ажиллаж байгаа нь үнэн. Хямралын үед дараах таван үндсэн зарчмыг баримтлах аваас энэхүү хөлгүй их далайд тодорхой хэмжээнд зүг чигээ алдахгүй ажиллаад байх боломжтой.

  1. Мэдээлэлтэй бай

Ойлгомжтой зүйл. Бид хувийн амьдралдаа аль болох мэдээлэлтэй байж, гэр бүл хайртай хүмүүсээ хамгаалахын тулд өглөө бүр 11:00 цагаас Нямхүү эмчийн мэдэгдлийг үздэг. Тэгвэл хувийн амьдралдаа ийнхүү хариуцлагатай хандаж байгаа шигээ ажилдаа, бизнесдээ ч гэсэн өндөр хариуцлага гаргаж, мэдээлэлтэй байгаарай. Одоо хийж чадах хамгийн энгийн зүйл бол мэдээллээс хоцрохгүй байх. Мэдээллээс хоцрохгүй байх хэд хэдэн арга замууд бий.

  • Өдөр бүр 11 цагийн шуурхай мэдээллийг үз.
  • CNBC, Business Insider, Marketing Week зэрэг бизнесийн чиглэлээр шуурхай мэдээлэл хүргэдэг эх сурвалжуудыг тогтмол дага, үз
  • Google Alerts-ыг ашиглаад цаг үетэйгээ хөл нийлүүлж, мэдээлэл авч бай
  • Google Trends-ыг ашигласнаар зах зээлийн нөхцөл байдлыг тандаж, хэрэглэгчид худалдан авагчид руу юу руу хуйларч, анхаарал нь хандаж байгааг тогтмол судал

 

  1. Нөхцөл байдалд дүн шинжилгээ тогтмол хий

Та тулгараад буй нөхцөл байдлаа тогтмол эргэн харж, сонголтуудаа эрэгцүүлж байгаарай. Та дараах асуултуудыг тогтсон хуваарийн дагуу асууж бай

  • Та яг одоо зөв бүтээгдэхүүн үйлчилгээг чухалчилж байна уу?
  • Танай мессеж чат өөрчлөгдөж буй дүрэм журам, захирамжуудтай нийцэж чадаж байгаа юу?
  • Танай сувагчлалууд хэрэглэгчдийн хямралын үеийн шинэ төлөв, хандлага, амьдралын хэв маягт тусгагдаж чадаж байна уу?

 

  1. “Хам сэдэв бол хаан”

Контент буюу агуулга хамгийн чухал гэж ярьдаг. Тэгвэл хямралын энэ цаг үед контентоос илүүтэйгээр контекст буюу хам сэдэв/хамрах хүрээлэл хамгийн чухал болоод байна. Яагаад вэ гэвэл COVID-19 нь дэлхийн улс орнуудад харилцан адилгүй байдлаар нөлөөлөл үзүүлж байгаа юм. Сэдвээсээ хазайх, хүмүүсийн анхаарахгүй байгаа зүйл рүү хандлагыг эргүүлэх гэж оролдох нь маш хортой үр дагаврыг авчирна. Хүмүүс тэртээ тэргүй COVID-19 цар тахлын талаар сонирхож, энэ үеийн амьдралын хэв маяг, худалдан авалтын горимд шилжчихээд байхад та мянга өөр гоё сайхан зүйл сурталчлаад нэмэргүй л болов уу. Хам сэдэв, хамрах хүрээллийг сайн бодож контентуудаа хийгээрэй.

  1. Уян хатан байж, хэрэглэгчидтэйгээ тогтмол хуваалц

Бизнесүүд нь энэ хүнд цаг үед хэрэглэгчид, харилцагчиддаа хэрхэн тусалж чадахаа өөрсдөөсөө тогтмол асуух хэрэгтэй. Google-ын CEO Сундар Пичай бичихдээ “Энэ тооцоолж боломгүй, хүнд хэцүү цаг үед бид та бүхэнд туслахыг маш чухал үүрэг оролцоо хэмээн харж байгаагийн ялдамд…” хэмээн эхлүүлсэн байна. Хэрэглэгч, харилцагч үйлчлүүлэгчиддээ туслах хамгийн амархан хэлбэр нь уян хатан, тэвчээртэй байх явдал юм. Үүнд хэрэв танайх боломжтой бол төлбөр тооцооны тал дээр сарын төлбөр, түрээсийг түр хойшлуулах, хөнгөлөлт үзүүлэх зэргийг нэрлэж болно.

  1. Удаан хугацааны төлөвлөгөө гарга

Хямралын үед богино хугацааны KPI-д анхаарлаа хандуулаад байхаас илүүтэйгээр удаан хугацааны төлөвлөгөөгөө гаргаж авах нь чухал. Богино хугацааны үйл явдал, үр дагаврууд нь та биднээс хамааралгүйгээр өөрчлөгдөж байгааг ойлго. Цар тахал өвчин хязгаарлалтанд орж, түүнээс ангижирсны дараа юу юу хийхээ сайтар төлөвлөөд ав. Бидэнд ойрын үед цаг хугацаанаас их зүйл алга. Тэгэхээр энэ цаг хугацааг ашиглаад ажлуудаа сайн төлөвлө. Танай бизнес өмнө нь өдөр тутмын ажилдаа түүртээд цаг гаргаж төлөвлөж, гүйцэлдүүлж чаддаггүй байсан сайжруулалтаа одоо л эргэн харах цаг юм

 

Таны бизнесийн зөвлөх – Startup Terminal