Эдийн засаг муу байлаа гэдэг нь өөрийн бизнес санааг хэрэгжүүлж эхлэхэд тохиромжгүй гэсэн үг биш юм. Хямралын үед аль болох л сөрөг зүйлүүд санаанд ороод, шинэ компани эхлүүлэхэд төвөгтэй санагдах нь лавтай. Тэгвэл Airbnb тэргүүтэй маш амжилттай яваа стартапуудыг үүсгэсэн энтрепренер VC-гийн үзэж буйгаар эдийн засаг тааруухан байх үед компаниа эхлүүлэх нь олон ашигтай тал агуулдаг байна.

Өрсөлдөгч нар харьцангуй цөөн

Эдийн засгийн хямралын үед танай бүтээгдэхүүний сегментэд харьцангуй цөөн өрсөлдөгчид байдаг. Байлаа ч гэсэн, зарим нь дампуурах гэж байгаа, аль эсвэл хүнд байдалд орсон өрсөлдөгч нар нилээд байх нь ойлгомжтой. Эхний шатандаа ч гэсэн танд харьцангуй цөөн нөөцүүд шаардагдах болно. Зах зээл дээр аль хэдийн байр сууриа олчихсон компаниудын хувьд хүний нөөц, өр төлбөр тэргүүтэй олон зардлууд гараад явдаг. Эхэлж байгаа шинэ стартапууд мэдээж хэмнэлтийн бодлогоор явах учраас дээрхи зардлууд харьцангуй бага.

Маркетингийн зардал бага гардаг

Өрсөлдөөн бага байх тусам маркетинг, өсөлтийн тактикууд илүү хямдарч байдаг. Google, Facebook, LinkedInзэрэг дээр сурталчилгаа байршуулах, орон зайгаа булаацалдах дээр цөөхөн компаниуд тантай өрсөлдөнө гэсэн үг. Яагаад гэвэл тэд ч гэсэн хямралын үед аль болох бүсээ чангалж байгаа нь тодорхой. Мөн зах зээлд заавал их шуугиан, дуу чимээ гаргалгүйгээр стартап бизнесээ өсгөх боломжууд бий.

Боловсон хүчний төлөө өрсөлдөөн ч бага

Зах зээл дээр сегментийн өрсөлдөгч нар харьцангуй цөөн байхтай зэрэгцэн ажил олгогчийн хувиар ажилчдаа сонгон шалгаруулахад ч эвтэйхэн байдаг. Илүү олон сайн боловсон хүчний дундаас сонголт хийх боломж бүрдэж, та сонголт сайтай зах зээлээс хүнээ ажилд авна. Сайн боловсон хүчнийг карьерынх нь эхэн үед таниад өөртөө элсүүлээд авчихад танай бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хурдан, үр дүнтэй хөгжүүлэхэд эергээр нөлөөлнө.

 

ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ – STARTUP TERMINAL