Tа интроверт уу, экстроверт уу? Бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хүн бүрийн ажиллах хэв маяг, оффислох соёл нь ялгаатай байдаг. Тухайн хүний зан төрх, ааш аяг, хүсэл эрмэлзлээс хамаардаг. Зарим хүмүүс байгалиасаа л бусадтай амархан ойлголцож, үргэлж хүмүүсийн дунд хүрээлэл үүсгэчихдэг. Тэгвэл нөгөө хэсэг нь гэртээ юмуу, чимээ багатай газар ганцаараа ажиллахаар илүү ажлын бүтээмж гардаг онцлогтой. Үдийн цайны цагаар зарим хүмүүс ном унших дуртай байхад, зарим нь хуучин ажлын газрынхаа хүмүүстэй хамтдаа хоолонд орж, буу халахыг илүүд үздэг. Энэ бүх харилцаа, хандлага, зан чанарын өгөгдлөөс хамаарч, хүмүүсийг интроверт, экстоверт хэмээн ангилж болдог. Тэгвэл интроверт, экстроверт хүмүүс ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх хэлбэрүүдийг авч үзье.

Интровертууд:

  • Орчноо хяна: Өөрийнхөө ширээнд л хязгаарлагдаад байлгүй, өөр булан, дуу чимээ багатай газрыг таньж мэд. Аль эсвэл оффис менежертэйгээ зөвлөлдөөд оффисынхоо хамгийн дуу чимээ багатай, нам жим хэсэгт нь шилжин суурьших хэрэгтэй. Ингэснээр бүтээмж тань мэдэгдэхүйц дээшлэнэ.
  • Ганцаарчилсан харилцаа, уулзалтанд анхаар: Интроверт хүмүүст групп багийн төсөл, томоохон эвентүүд хар дарсан зүүд мэт л санагддаг. Таны ажлын онцлог, үүрэг оролцооноос хамаарч та томоохон уулзалт, групп багийн ажлаас үргэлж зугтаагаад байж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ та аль болох ганцаарчилсан уулзалтуудыг төлөвлөж, уулзах хүмүүс, багийнхантайгаа нэг бүрчлэн уулзаж байвал бүтээмж илүү байх болно.
  • Уулзалтанд бэлтгэ: Уулзалт, арга хэмжээнд бусдаасаа илүү оролцоотой, төрөлхийн идэвхтэй хүмүүс байдаг. Хэрэв та өөрт тань үг хэлэх боломж хүлээгээд л чимээгүй суугаад байх аваас магадгүй хэзээ ч тэр мөч ирэхгүй байж мэднэ. Тийм учраас уулзалтын хэлэлцэх асуудал, аженда төлөвлөгөөг урьдчилан аваад өөрийнхөө хэлэх үг, санааг бэлд. Мөн уулзалт эхлээд удаагүй байхад аль болох эртхэн үгээ хэлэх нь зөв

Экстровертүүд:

  • Идэвхтэй хөдөлгөөнийг эрэлхийл: Дуу чимээгүй, амьгүй орчин таны бүтээмжийг унагаадаг. Та намуухан дуу хөгжим, хүмүүсийн яриа, хөдөлгөөн зэрэгт харин ч хөглөгдөж, гараас тань сайн ажлууд гардаг онцлогтой хүн шүү дээ. Ширээн дээрээ сууж байхад нэг л ажиллах эрч хүч төрөхгүй байвал кофешоп юмуу оффисынхоо амрах хэсэг/лоунжыг зүглэ. Хөнгөхөн зууш идээд, кофе уучихад сэргээд л явчихна. Өөр хувилбар гэвэл түр завсарлага аваад гадагш гарч, байшингаа тойрчихоод ир. Орчноо жаахан солиход л та сэргэсэн мэт мэдрэмж төрөх вий.
  • Завгүй байх нь зөв ч, болгоомжтой бай: Экстроверт хүний хувьд ачаалал сайн даадаг, энэ төрлийн шалгууруудад дуртай байдаг. Хэдийгээр өөрийгөө ийнхүү завгүй байлгах нь зөв боловч хэтрүүлэх нь аюултай. Тодорхой хэмжээнд завгүй байдлын мотивацичлалдаа хэмжүүр тогтоогоорой.
  • Сошиал цагийг төлөвлө: Та бусадтай нийгмийн харилцаанд орох дуртай боловч, зарим уулзалтууд хүссэнээр явагддаггүй. Өөрийнхөө ажлын өдөр заавал бусадтай холбогдож харилцах нэг цагийг гаргаж өг. Долоо хоног бүр шинэ хүнтэй уулзаж, өдрийн хоол юмуу кофе ууж байгаарай. Ингэснээр экстроверт хүний ажлын бүтээмж, санаачлагатай байдал улам нэмэгддэг. Ийм орчныг Дундын оффисууд маш сайн бүрдүүлж чаддаг.
  • Ажлаа дүгнэх эрэгцүүлэх цаг гарга: Та multi-tasking буюу олон ажлыг амжуулж, жагсаалтаасаа хийсэн ажлуудаа амжилттай хасч, дараачийнх руу хурдтай шилжихийг эрмэлздэг. Гэвч энэ нь хийж буй ажлын үнэлэлт, дүгнэлт, эрэгцүүллийг орхигдуулах эрсдэлтэй байдаг. Тийм учраас аливаа ажлыг бүрэн дуусгасны дараа 30 минутыг заавал гаргаж, юу амжилттай байсан, юу болохгүй байсныг дүгнээрэй.

ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ – STARTUP TERMINAL