Олон сарын турш хөл хорионд байсан иргэдийн хувьд эргээд олон нийтийн дунд орох, нийгэмших, стрессээс гарах тодорхой хугацаа хэрэгтэй нь тодорхой байна. Бид хөл хорио тавигдахаар, аюулт тахал өвчнийг дарагдсаны дараа сайхан аялна даа хэмээн бодож, мөрөөдөж суугаа нь лавтай. Шулуухан хэлэхэд хилийн чандад очиж л байвал, аль ч улс хамаагүй, олон сарын стресс, бухимдал тайлагдах юм шиг санагдаж байна. Гэхдээ тэдгээр улсууд дотроос Монгол улс хамгийн их анхаарал татаж буйг онцлоё.

  1. Зүүн Азидаа ковид-19 тахлыг хамгийн сайн тогтоон барьсан улсуудын нэг.

Аялагчид бид аялах боломжтой болсны дараа зорих хамгийн аюулгүй сонголт нь Ковид 19 тахал гарч байгаагүй, аль эсвэл маш бага тохиолдол бүртгэгдсэн улс л зүгээр юм. Монгол улсын хувьд Ковид 19 тахлын халдвар 200 гаруй бүртгэгдсэнээс аль хэдийн 160 орчим нь эдгэсэн, нас баралт байхгүй. Монголын засгийн газар аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг цаг алдалгүй түргэн шуурхай зохион байгуулсан онцлогтой. 2 дугаар сарын дунд гэхэд Монгол улс нь Хятад, Орос улсуудтай хилээ хааж, Covid-19 тахлын халдвар ихтэй 19 улс орны нислэгийг бүрмөсөн зогсоож, улс орныхоо хэмжээнд 300 гаруй хяналтын цэгийг ажиллуулж, мониторинг хийсэн нь үр дүнд хүрсэн юм. Тэд Цагаан сар хэмээх хамгийн том баяраа хүртэл цуцалж, хязгаарлалт тогтоосон нь маш шийдвэртэй алхам байв. Түүнчлэн Монгол улсын хувьд өргөн уудам нутаг дэвсгэртэй, нүүдэлчин ард иргэд нь алс хол амьдардаг учраас вирусын тархалт үүсэх нөхцлийг хязгаарласан бизээ.

  1. Дуусашгүй тал нутаг үнэхээр өөр мэдрэмж өгдөг

Bubble tea, үс засалт, бургер зэргээ март. Хөл хорионд олон сар байсан бидэнд хамгийн их хэрэгтэй гурван зүйл бол нарны туяа, цэвэр агаар, задгай тал нутаг юм. Монгол нутагт орших зах хязгааргүй мэт тал нутаг нь Хятадын эргийн нутгаас Сибирь хүртэл 887,300 километр газарт сунан оршдог. Манан татсан уулархаг бүс нутаг, ой хөвчүүд, тал газар, элсэн цөл гээд үнэхээр байгалийн тансаг тогтоцуудтай ажээ.

  1. Хүн болон мал амьтны сошиал холбоо харилцаа хамгийн хүчтэй

Бид хөл хорионы хугацаанд телевизийн дэлгэц, компьютер, утсаа ширтсээр байгаа сошиал/нийгмийн харилцаанаас хөндийрсөн нь үнэн. Хүмүүстэй холбогдох тохиолдолд Zoom ашиглан бүрсгэр дүрсээр бие биенээ харсаар ч дасаж орхиж. Групп аялал зохион байгуулахад хамгийн тохиромжтой улс гэвэл Монголыг нэрлэмээр байна. Монголын хөдөө тал нутагт багийн аялал хийх шиг сайхан зүйл үгүй. Авах мэдрэмж нь үнэхээр үлгэрийн мэт байх бөгөөд хүний хүрээгүй зэрлэг онгон байгаль таныг угтана. Хүмүүстэй нийгмийн харилцаанд орж сайхан аялахын зэрэгцээ, олон сонирхолтой зэрлэг ан амьтадтай нүүр тулгардаг. Хонь, ямаа, бүргэд, сарлаг, цаа буга гэх мэт. Нүүдэлчдийн амьдралын сонин содон зүйлүүд таныг алхам тутамд гайхшруулна.

  1. Дижитал стрессийг тайлах хамгийн зөв сонголт

Гэртээ олон сарын турш хоригдсон бидэнд гадагш гарах, аялах боломжийг олгож байсан цорын ганц орчин бол кибер ертөнц. Ажилласан, амарсан, дасгал хийсэн зэрэг бүх үйлдлүүд маань дижитал кибер орчинтой холбогдож байв. Тэгвэл бид одоо бодитоор аялж болохоор нөхцөл байдал бүрдэж, бодит байгалийн сайхныг жинхэнэ утгаар нь мэдрэх цаг ойртоод байна. Та Балид байхдаа ертөнцөөс тусгаарлагдаж байгаа мэт боддог байсан бол, Монголын байгальд түүнийг утгаар нь мэдрэнэ. Хөдөө нутагт утасны сүлжээ байхгүй, орон нутгийн SIM карт нь ч ажиллахгүй бөгөөд таны утас юм тэмдэглэх, зураг авах зэрэгт л ашиглагдана. Кибер ертөнцөөс түр ч атугай ийнхүү холдох нь таны мэдрэл, сэтгэлзүй, оюун санаанд үнэлж баршгүй хувь нэмэртэй юм.

  1. Жинхэнэ нүүдэлчидтэй зэрлэг, эрх чөлөөтэй амьдралын хэв маягийг мэдэр

Байнгын суурин амьдралгүй, жилийн дөрвөн улиралд нүүдэллэж байдаг малчин хүмүүсийн амьдрал аж ахуйг дэргэдээс нь ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр мэдрэх боломжийг олгодог. Монголчууд нь нүүдэллэн аж төрж, маш хүйтэн цаг агаар, зуны шатам халуунд ч ажрахгүйгээр өөрсдийгөө болон мал ахуйгаа хооллож ундлан явааг дэргэдээс нь харах үнэхээр шинэлэг мэдрэмж. Байгальд уламжлалт хоол идэх нь танд дахин давтагдашгүй дурсамж үлдээх нь лавтай. Хонины толгой ил гал дээр хуйхалж иднэ гээд бод доо.

  1. Жинхэнэ утгаараа задгай талд ил галын илчинд бүжиглэ

Монголын байгальд ил галын дэргэд дуулж бүжиглэх, өөр хоорондоо дотно танилцах зэрэг нь үнэхээр гоё. Дээшээ харахад тэнгэрт олон од түгчихсэн, хил хязгааргүй мэт тал газарт хэний ч хараанд өртөхвий хэмээн санаа зоволгүйгээр чөлөөтэй дуулж бүжиглэнэ гээд бод. За тэгээд дээр нь Чингис хаан гэх тансаг архи сархад нь задгай тал нутгийн найр наадамд өнгө дуу нэмнэ. Орон нутгийн иргэд, нүүдэлчин айлын хүмүүсээс амьдрал ахуйг нь дэргэдээс нь сонсох, яриулахыг өөр юутай ч зүйрлэх вэ дээ.

  1. Та өөрийн асуудлуудыг мартаж, сэтгэл цэлмэх болно

Хөл хорионд байгаа энэ саруудад та бидний уур бухимдал, цухалдал хуримтлагдаж, дэргэдээ байгаа хүмүүст ч төвөгтэй болсныг өөрсдөө мэдээгүй явж байдаг. Тэгвэл ийм сайхан байгальд хүрээлэгдсэнээр таны цээжиндээ хадгалсан тэр стресс, бухимдлууд ямар өчүүхэн байсан юм бэ гэх сэтгэгдэл төрөх бизээ.

 

Эх сурвалж:  https://thetravelintern.com/ -аас хөрвүүлэв.