Карнеги Меллоны их сургуулийг дүүргэсэн Нэт Элиасон нь технологийн Zapier нэртэй компанид маркетингийн чиглэлээр анх ажилд оржээ. Хэдэн сар ажилласных нь дараа түүнийг AppSumo компани татгалзахын аргагүй санал тавин өөртөө элсүүлсэн гэдэг. Тэнд ажиллаж байхдаа Элиасон нь заавал компанид ажиллаж байж амжилттай байна гэсэн үг биш гэдгийг ойлгосон байна. Улмаар тус компанид 10 сар ажиллаад ажлаа орхисон бөгөөд хувийн бизнес хийхээр шийджээ.

Тэрбээр Tailored Fit нэртэй компанийг эхлүүлж, хөрөнгө оруулагчдаас өөрийн чадварлаг хэл яриа, илтгэх чадвар, маркетингийн гярхай хараан дээрээ тулгуурлан 125,000 ам.долларын санхүүжилтыг босгосон байна.

Улмаар бичгийн ур чадвараа ашиглан nateliason.com нэртэй хувийнхаа блогийг ажиллуулж, аялал жуулчлал, филисофи, технологи, номнууд, бизнес, сэтгэл судлалын чиглэлээр нийтлэлүүд бичих болжээ. Түүний блогийн уншигчдын урсгал огцом нэмэгдэж, нэг л мэдэхэд 300,000 зочин сар бүр сайтад нь зочилдог болсон байна. Өөрийнх нь хувийн веб сайт түүнд энтрепренершипийн чиглэлээр хэд хэдэн төслүүдийг эхлүүлэхэд голчлон нөлөөлжээ. Өдгөө Элиасон нь жилдээ 1.94 сая ам.долларын орлоготой амжилттай блоггер, бизнес эрхлэгч болоод байна. Түүний үүсгэн байгуулсан Growth Machine нэртэй контент маркетингийн агентлаг нь үйл ажиллагаагаа тэлж, Элиасон одоо өдрийн ихэнх цагийг бичихээс илүүтэйгээр CEO-гийн ажилдаа зориулах болжээ. Тухайлбал бизнесийн хөгжил болон ажилчдыг шалгаруулж авах, хөгжүүлэх талдаа илүү анхаарч байгаа юм. Элиасоны маркетингийн компани тогтвортой харилцагчид олж авахад түүний хувийн вебсайт, блог хөгжүүлэлт, бичлэгийн ур чадвар хамгийн ихээр нөлөөлсөн байна.

Ингээд 26 настай блоггер залуугийн 5 зөвлөгөөг хүргэе.

  1. SEO-г суралц. Нэт Элиасон амжилтанд хүрэхэд нь хамгийн чухал нөлөө үзүүлсэн 2 ур чадвар нь юм бичих, зохиох болон SEO (search engine optimization) юм. Бичлэгийн ур чадвар дээрээ тулгуурлаад амжилттай блог хөтөлсөн нь ойлгомжтой. Харин SEO буюу хайлтын системийн зөв үр дүнтэй үйл ажиллагааг эзэмшиж хэрэгжүүлснээр түүний хувийн вебсайт, блог сайт нь хүмүүсийн урсгалд дарагдсан байна. Бичих ур чадвар дээрээ үндэслээд SEO хөгжүүлбэл бүр ч илүү үр дүнтэй гэдгийг Элиасон хэлж байна.
  2. “Та өөрийгөө 5-10 жилийн дараа хэрхэн харж байна гэдэг асуулт бол тэнэг зүйл”. Би яаж мэдэх вэ дээ. Тийм урт цаг хугацааны дараахийг оновчтой таамаглана гэдэг бүтэшгүй зүйл. Харин оронд нь 3-6 сарын хугацаатай төлөвлөгөө боловсруулж, түүндээ хүрэхийн төлөө зорьж ажиллах нь хамгийн чухал алхам гэнэ.
  3. Үгүй гэж хэлэх нь хамгийн буруу хариулт. “Үгүй гэхийнхээ оронд дараа нь, хожим гэж хариулж сур” хэмээн Нэт зөвлөж байна. Олон төслүүд гарч ирдэг ч цаг хугацааны давхцлын улмаас аль нэгийг нь сонгоод бусдыг нь орхидог. Тэгвэл татгалзахын оронд хойш нь тавиад, дараа нь цаг гарсан үедээ дахин сөхөж оролдох нь хамгийн зөв хандлага ажээ.
  4. Өдөрт 30-60 минутыг уншихад зарцуул. Ярилцлага хийх үед Нэт Элиасон “The Most Important Thing: Uncommon Sense for the Thoughtful Investor” нэртэй номыг уншиж байлаа.
  5. Түүний ашиглах, хэрэглэх дуртай аппликейшн бол Asana. Энэ аппликейшныг ашиглаж, хувийн болон байгууллагынхаа үйл ажиллагааны бүтээмжийг дээшлүүлдэг гэжээ.