Энэтхэг улсын технологийн салбарын хамгийн залуу тэрбумтанг Див Туракиа гэдэг. Див хүүхэд байхдаа бизнесийн чиглэлийн 150 ном уншсан бөгөөд Роберт Киосакигийн “Баян эцэг, ядуу эцэг”, Тони Роббинсын “Мөнгө: Тоглоомыг эзэмшихүй” зэрэг номыг онцолж байна. Түүнчлэн маш амжилттай яваа бизнес эрхлэгчдийн бодит түүхүүдийг ихээр уншиж судалсан ажээ. Див сүүлийн 20 жилийн хугацаанд жил бүр 800 цагийг ном уншихад зарцуулсаар иржээ. Дивийн эцэг нь жирийн ажилчин нэгэн байсан тул хурааж хуримтлуулсан мөнгө байсангүй. Түүний оронд олсон мөнгөнөөсөө хүүхдүүддээ ном худалдан авч өгдөг байжээ. Тэдний гэрийн номын сан нь Дивийн сургуулийн номын сангаас ч олон номтой байсныг Див сайтар санадаг. Див багаасаа компьютерт сонирхолтой, компьютерын тоглоомд сайн байсан учраас аав нь сонирхлыг нь дагалдуулж, тоглоом яаж програмчилагдсан байгааг судлахыг уриалсан байна. 1990 ээд оны эхэнд Энэтхэг улсад дөнгөж л компьютер, интернет орж ирж байсан учраас хэрэв та энэ чиглэлийн мэдлэгтэй бол бусдаас хэдэн алхам түрүүлсэн гэсэн үг байв. 14 настай байхад нь түүний багш Дивд өөр нэг компаний вебсайтыг хийхэд туслаад өгөөч хэмээн гуйж байжээ. Вебсайт хийх, компьютер интернетэд холбох, сүлжээ ажиллаж байгаа эсэхийг шалгах зэрэг олон ажлыг Див 13,14 настайдаа л хийгээд сурчихсан гэдэг. Хамгийн гол нь Див энэ үед хүмүүсийн гуйсан ажлуудыг багахан хэмжээний төлбөртэй хийхийн сацуу танилын хүрээгээ өргөжүүлж, хожим тэдгээр танилууд нь түүний томоохон үйлчлүүлэгчид болж хувирчээ.

16 настай вебийн зөвлөх залуу 18 настайдаа саятан болов

Идэвхтэй өсч тэлж буй Энэтхэгийн технологийн салбарт Див 16 настай байхдаа л өөрийн байр суурийг олж, эрэлттэй зөвлөх болж хувирав. Энэ үед Дивд 2 том сонголт тулгарсан нь вебийн зөвлөх хэвээрээ байх, аль эсвэл мэдлэгээ ашиглаад өөр ажил хийх байлаа. Тухайн үед Див гэр бүл зохиогоогүй, харьцангуй эрсдэл гаргаж болохоор байсан тул илүү эрсдэлтэй замыг сонгож, өөрийн нэрийн бүтээгдэхүүн бий болгохыг зорьжээ. 1998 онд Энэтхэг улсад интернетэд холбогдсон хүний тоо 50,000-200,000 орчим байв. Интернетэд холбогдохыг хүссэн хэн бүхэн домейн болон веб хостинг худалдан авах нь зөвхөн цаг хугацааны л асуудал байлаа. Див үүнийг гярхай мэдэрч, өөрийн гэсэн Интернет хостинг, домейны компанийг үүсгэн байгуулжээ.

25,000 рупигийн зээлээр стартапаа байгуулж, улмаар сая долларын компани болж өргөжив.

Див өөрийн мөнгөөр сервер худалдан авч дийлэхгүй учраас ааваасаа 25,000 рупи зээлсэн гэдэг. 25,000 рупи гэдэг нь ойролцоогоор 350 ам.доллартай тэнцэнэ. Дивийн үүсгэн байгуулсан Directi нь Энэтхэг улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн эхний хэдхэн сардаа 4000 ам.долларын ашигтай ажилласан байна. Энэтхэгийн зах зээлд амжилттай ажиллаж буй Див нь зөвхөн дотооддоо биш, хилийн чандад үйлчилгээгээ хүргэж болохыг ч ойлгосон бөгөөд интернетийн эрин үед шилжиж буй хөдөлгөөнийг чадамгай ашиглажээ.

Алхам бүрээр урагшилсаар тэрбумын хөрөнгөтэй болов.

Домейны бизнес эрхэлж байхдаа Див технологийн салбарт учирдаг бэрхшээлүүдийг даван туулах хэд хэдэн амжилттай алхам хийсэн нь түүнийг улам хөрөнгөжүүлсэн юм. Тухайлбал Энэтхэг улсад хилийн чандаас төлбөр авах нь ихээхэн ярвигтай байсныг шийдэхийн тулд төлбөр тооцооны систем бий болгосон. Хожим тус төлбөрийн системийг олон сая долларын үнээр зарсан байдаг. Мөн домейн паркинг сурталчилгааг нэвтрүүлж, жижиг програмыг сайтар хөгжүүлж байгаад, 900 сая ам.доллараар Хятадын корпорацид зарсан юм. Эндээс харахад Див Туракиа нь зөвхөн нэг чиглэлээр бизнес хийлгүй, технологийн салбарын хөгжил, хүмүүсийн эрэлт хаашаа чиглэж байгааг маш чадварлагаар мэдэрч, түүнд нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй бий болгож, хожим өндөр үнээр худалдаж чадсанаар тэрбумтаны эгнээнд элсчээ.

ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ – STARTUP TERMINAL