Өөрийн хүч хөдөлмөрөөр саятан болсон 61 настай бизнесмэн эр 20-иод насандаа мөнгө болон цагаа үрсэндээ харамсдаг 4 зүйлээ хуваалцсан байна. Ахлах сургуулиа төгссөнөөс хойш даруй 40 гаруй жил өнгөрчихсөн байна гээд бодохоор цаг хугацаа үнэхээр хурдан юм хэмээн Грант Кардоне ярьж байна. Тэрбээр өдгөө 7 компаний CEO-гоор ажилладаг бөгөөд 20 гаруй насандаа цаг болон мөнгөө үрсэндээ хамгийн ихээр харамсдаг зүйлүүдээ бидэнд сургамжтай байж мэднэ хэмээн ийнхүү хуваалцжээ.

 

  1. Архи, согтууруулах ундаа

Хэрэв би цаг хугацааг ухрааж болдог, аль эсвэл залуу үе дээрээ нэг оччихоод ирж болдог бол “Чиний боловсрол коллеж дээр л зогсчихдоггүй юм” гэдгийг хэлмээр байна. Би сургуулиа төгссөнөөс хойш архи, согтууруулах ундаа, хар тамхи зэрэг болохгүй бүтэхгүй зүйлтэй зөндөө холбогдсон. Түүнд үрж байсан их мөнгөө шинэ ур чадвар, шинэ мэдлэг олж авах, харилцаа холбоо тогтоох зэрэгтээ зарцуулсан бол ямар хурдан амьдралаа өөрчлөх байсан гээч… Бодит ертөнцөд ахлах сургуулийн диплом ямар ч хэрэггүй, коллежийн диплом чинь таныг сүртэй хол аваачихгүй. Хамгийн гол нь өөртөө хөрөнгө оруулалт хийж, өөрийнхөө үнэ цэнийг тогтмол нэмэгдүүлсээр байх аваас илүү орлого, илүү цалин хүлээж байдаг. Би 25 насандаа өөрт байсан хамгийн сүүлчийн хадгаламж болох 3000 долларыг борлуулалт худалдааны мэдлэг мэдээллийг сайжруулах аудио сургалтанд зарцуулсан нь хамгийн зөв хөрөнгө оруулалт байлаа.

  1. Аялах

Шилдэг бизнесмэн Кевин О’Лири хэлэхдээ “ажил, хөдөлмөрийн ид үедээ удаан хугацааны чөлөө авч аялж зугаалах нь маш муу зүйл” гэсэнтэй би 100 хувь санал нийлж байна. Би бизнесээ эхлүүлээд удаагүй байхдаа нилээд хугацаанд өөртөө цаг зарцуулахаар чөлөө авч, амарч зугаалсан нь миний бизнесмэний карьерыг хамраар нь газар хатгуулахаа шахсан. Мөн өөртөө байхгүй мөнгийг хүртэл хүн амьтнаас гуйж олоод нислэг, зочид буудал, хоолны зардалдаа зориулдаг байлаа. Өнөөдөр “миллениальчууд”-д ч гэсэн энэ асуудал тохиолддог. Ажил дээрээ зорилгоо зөв тодорхойлоогүйн улмаас чөлөө авч, өөртөө дутагдаад байгаа тэр нэг зүйлийг олж авахаар хилийн чанд руу аялж зугаалдаг. Гэтэл тэрхэн хугацааны чөлөө л таны бизнесийн амжилтын эргэх цэг, бусдаас ялгарах цаг хугацаа байж мэдэхээр байдаг. Би битгий амарч зугаал гэж байгаа юм биш шүү. Гэхдээ ид ажиллаж, зүтгэх, амжилт гаргах үедээ амралт зугаалгыг хойш нь тавьж сур.

  1. Их унтах

Залуу байхад залхуурмаар санагдаад л, түүнийхээ төлөө нэг их олон зүйл боддоггүй байлаа. Тэгвэл юу гээч. Өглөө эрт сэрсэн л бол, орон дотроо утсаа оролдоод хэвтэхээс ТАТГАЛЗ! Таны үеийн 20 насныхан өглөөдөө их унтвал унтаж л байг. Та тэднээс түрүүлж эртлэн босч, өдрийн төлөвлөгөөг гаргаж, сайтар ажиллаж, нэг хуудас илүү уншиж, нэг үг илүү цээжилж, нэг ном илүү гарчиглах боломжийг эртэч хэв маяг танд олгоно. Хэрэв би 20-иод насандаа өглөө бүр эрт сэрдэг байсан бол эхнийхээ сая долларт хавьгүй хурдан хүрэх байсан бизээ. Хурд хамгийн чухал бөгөөд өнөөгийн зах зээлд маш хурдтай хувьсан өөрчлөгддөг, хурд дээр тогтож байна. Ийм байхад та унтаад л байж болохгүй. Эрт бос, сэрсэн бол шууд бос…

  1. Хөгжихгүй ажлын байранд хугацаа алдах

Би 20-иод насандаа бага цалинтай ажлын байруудад их цаг хугацааг өнгөрөөсөн санагдаад байдаг. Ялангуяа намайг хөгжүүлдэггүй, үнэ цэнэтэй ур чадвар эзэмшдэггүй, олон зүйлийг сорьж чаддаггүй ажлууд дээр их хугацаа алдсан. Би бага цалинтай ажлууд муу гээгүй шүү. Хүн бүхэн бага цалинтай ажлаас л эхэлдэг. Гол нь таны ажил таныг сорьдог, хөгжүүлдэг, олон хүнтэй танилцуулдаг байх хэрэгтэй.

Жич: Зөвлөгөө өгч буй Грант Кардоне нь “The 10X Rule” нэртэй бестселлер номын зохиогч, долоон компаний CEO-гоор ажилладаг нэгэн юм. Мөн тэрбээр Fortune 500-д багтсан томоохон компаниуд, стартапууд, төрийн байгууллагуудад бизнесээ өргөтгөх чиглэлээр зөвлөгөө, консалтинг тогтмол хийдэг билээ.