Дэлхий нийтэд тулгамдаад буй Covid-19 цар тахлын үед бизнес нь улам бүр тэлж, орлого нь хэдэн зуу дахин нэмэгдээд байгаа компани гэвэл Netflix-ыг нэрлэнэ. Тэгвэл уг компаний үүсгэн байгуулагч болох Марк Рандольф нь Netflix анх зүгээр концепт санаанаас хэрхэн компани болж хувирсан тухай хуваалцаж, өөрийн зөвлөгөөг залуу энтрепренерүүдэд өгч байна. Марк тогтмол бизнесийн шинэ санаа гаргадаг, тэр дотор явцгүй санаанууд нь илүү жин дардаг байжээ. Тухайлбал тусгай зориулалтын шампунь, бейсболлын цохиур гэх мэт. Гэхдээ тэр олон санаануудыг сийрүүлээд, ярилцаж үзээд байхаар дундаас нь нэг шилэгдмэл санаа гарч ирдэг, түүнийгээ түлхүү явуулдаг хэмээн Марк ярьж байна. Netflix-ыг эхлүүлж байхад үүсгэн байгуулагч Марк Рандольф нь 38 настай байжээ. Ингээд илүү олон зүйлийг нуршилгүйгээр жилд 20.1 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг Netflix-ын хамтран үүсгэн байгуулагч Марк Рандольфын өгч буй зөвлөгөөг хүргэе.
- Одоо эхэл, бага жаахнаар ч хамаагүй. Толгойндоо санаа бүү үлдээ.
Янз бүрийн санаа оноо гаргаж, түүнийхээ талаар зүгээр л бодоод яваад байх хэрэггүй. Ярихаа болиод хийж эхэл. Толгойн дотроо байгаа санааг заавал цаасан дээр сийрүүл. Тэр санааг бодитоор хийж хэрэгжүүлж эхлээрэй.
- Ид шид санаанд бус, түүнийг хэрэгжүүлж үзэхэд л илэрдэг.
Зүгээр л аятайхан санаануудтай байлаа гээд бүх зүйл бүтчихгүй. Түүнийг хэрэгжүүлэх процесс, тогтолцоо, тааруухан санаануудаа туршиж үзэх явцууд л хамгийн чухал. Хурдтай, цаг мөч бүртэй уралдаж буй өнөөгийн нийгэмд санаагаа гялс цаасан дээр буулгаад, цомхон хүрээнд нь бизнесийн санаагаа туршаад үз. Тэгэж байж л сайн, муу санаагаа ялгаж таних учиртай.
- Соёл бол таны ярьж байгаа зүйл бус, юуг яаж хийж байгаа үйлдэл юм.
Таны төсөөлөл, урам зориг авдаг зүйлүүд биш, харин аливаад яаж хандаж, бизнесээ хэрхэн авч яваа байдлыг соёл гэдэг. Биеэ, бизнесээ хэрхэн авч явааг байгууллагын соёл гэж болно. Та өөрийгөө, үүсгэн байгуулагчаа, ажилтнуудаа, үйлчлүүлэгчдээ хэрхэн авч явж, хандаж байгаа нь чухал.
- Удаан хугацааны зураглал хийж, өнөө маргаашийн зүйлд хэтэрхий сатаарах нь дэмий
Netflix нь онлайн streaming service болохоосоо өмнө, анх DVD түрээслүүлдэг, худалдаалдаг байсан. Тэр байтугай Netflix нь нийт орлогынхоо 90 хувийг DVD борлуулалтаас олж байжээ. Гэхдээ Netflix-ын үүсгэн байгуулагчид бусад өрсөлдөгчид нь адилхан DVD зараад эхлэх нь ойлгомжтой, энэ бол зөвхөн цаг хугацааны л асуудал гэдгийг сайтар ойлгосон байна. Тийм ч болохоор бизнесийн үндсэн концепт болох контентын зохиогчийн эрх дээр суурилсан түрээсийн бизнесээ голчилж явна, тэр хүртэл DVD борлуулалт нь зөвхөн түр хугацааны орлогын эх үүсвэр гэдгийг сайтар ухамсарлаж байсан гэдэг.
- Тэнцвэрийг ол, үгүй бол бүхэлдээ бүтэлгүйтнэ.
Амьдралаа тэнцвэртэй байлгахад ач холбогдол өгөх хэрэгтэй. Ажил, амьдралын тэнцвэрийг бий болгож чадсан хүн л амжилтанд хүрдэг. Маркийн хувьд хэдий ямар ч их ажилтай байсан, долоо хоног бүрийн Мягмар гарагт ажлаасаа 17:00 цагт бууж, эхнэртэйгээ хамт гадуур оройн хоол идэж, хөгжилдөж чаддаг. Үүнийгээ бизнесийнхээ эхэн үеэс л хэвшүүлсэн дадал ажээ. Амьдралд таныг юу аз жаргалтай болгож байна, түүнийг ажлынхаа төлөвлөгөөнд хүртэл тусгаж чадах нь чухал гэдгийг Netflix-ын босс Марк Рандольф онцолж байна.
ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ – STARTUP TERMINAL
Leave A Comment
You must be logged in to post a comment.