Намайг Мандхай гэдэг. СЭЗИС-ийн бизнесийн удирдлагын танхимд 3 дахь жилдээ суралцаж байгаа оюутан. Манай сургууль суралцаж буй 4 жилийнхээ хугацаанд 3 дадлага хийдэг тул би танилцах дадлагаа Стартап Терминал оффист хийхээр хүсэлт илгээсэн. Ингэж л миний аялал эхэлсэн.

Стартап Терминал нь дундын оффис бөгөөд бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гарааны бизнесүүдийг дараагийн шатанд гарахад нь тусламж зөвлөгөө өгөх зэргээр харилцагчдаа дэмжин ажилладаг байгууллага. Миний бие маш богино хугацаанд харилцагч гишүүдтэй дотно болж, тэдний туршлагаас хуваалцаж, зөвлөгөө авч амжсан. Энд ер нь олон төрлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй бизнес олон байдаг тул нетворкинг үүсгэхэд таатай газар шиг санагдсан. Хамгийн гоё зүйл нь бүгд өөр байгууллагууд хэр нь яг л нэг байгууллага шиг дотно уур амьсгалтай байсан нь их таалагдсан.

Кофетой уулзалт

Энд 7 хоног бүр кофетой уулзалт болдог бөгөөд Стартап Терминалын хамгийн бүтээлч цаг болж өнгөрдөг. Энэхүү уулзалтаар харилцагч гишүүддээ зориулан бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй мэдээллээр зочин илтгэгч урих эсвэл өөрсдөө сургалт, хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулдаг. Миний хувьд хамгийн таалагдсан зүйл нь энд байгаа бүх хүмүүс тусдаа ажилтай ч гэсэн кофетой уулзалтад цаг заваа гарган хоорондоо мэдээллээ солилцож байгаа нь их өгөөжтэй санагдсан. Намайг бол оюутан гэж чамлахгүйгээр өөрсдийн эрхэлдэг бизнесээ танилцуулж, юуг яаж хийдэг талаар зөвлөх, өөрийнхөө туршлагыг хуваалцах гэх мэт сонирхолтой харилцан яриа их өрнүүлдэг.


Би дадлага хийх хугацаандаа сошиал медиа маркетинг идэвхжүүлэлт дээр голлож ажилласан. Мөн харилцагч гишүүд дундаа “Quiz Night” эвентийг хамт дадлага хийсэн найзтайгаа амжилттай зохион байгуулж, ажилласандаа баяртай байгаа. Хамт ажилладаг хүмүүс маань их нөхөрсөг, эелдэг хандлагатай хүмүүс байдаг болохоор санаачилсан ажлуудыг маань дэмжиж, идэвхтэй оролцдог байсан нь дадлагаа амжилттай дуусгахад маань маш их тус болсон.

Нийт 3 долоо хоногийн хугацаанд өдөр бүр адал явдлаар дүүрэн байж, найрсаг хамт олноосоо олон зүйл сурч авсандаа баяртай байна. Стартап Терминалын хамт олондоо баярлалаа.

Тэмдэглэл хөтөлсөн Мандхай