Өнөөдөр шинэ зууныхан болон Gen-Z (1997 оноос хойш төрсөн “нялхууд”) түлхүү давамгайлах болсон цаг үед маркетингийн салбар ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж байна. 2020 он гарахад тун бага хугацаа үлдээд байгаа энэ үед дэлхийн маркетингийн салбарт олон сонирхолтой өөрчлөлтүүд хийгдэж байна. Зүгээр л нэг энгийн сурталчилгаа хэлбэрээс өнөөдрийн төвшинд хүртлээ хөгжсөн гэхээр бас ч гэж урт замыг туулжээ. Тэгвэл 2020 онд хүчээ авч, өргөн хэрэглээнд нэвтрэх маркетингийн трэндүүд юу вэ? Дэлхийн шилдэг эксперт, судлаачдын таамаглалаас жаахан будаа идээтхэе.

“Дуу хоолойгоор хайлт хийх”

Voice search буюу дуу хоолойгоор хайлт хийхийг сүүлийн 5 жилд салбарыг өөрчлөх хүчирхэг хандлага хэмээн тодорхойлж байсан ч, өнгөрсөн жилээс эхлэн бодитоор хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байна. Бүр тодруулбал Amazon Echo, Google Home зэрэг ухаалаг спийкерийн системийн өсөлт хөгжилт нь хүмүүсийн хэрэглээнд нөлөөлж байгаа юм. Google-ын мэдээлснээр тус хайлтын сайт дээр хийгдэж буй нийт хайлтын 20 хувь нь дуу хоолой ашиглан хийгдэж байгаа гэнэ. Тэр байтугай 18-29 настай мобайл утас хэрэглэгчдийн 71 хувь нь ухаалаг утасныхаа дуу хоолой бүхий туслах буюу Voice assistant-ыг тогтмол ашигладаг гэсэн статистик гарчээ.
“Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн мэдлэг улам тэлж байна”
Цаг хором мөч бүртэй уралдан хэрэглэгчид улам ухаалаг, тооцоотой болж байгаа энэ үед маркетерууд ч хөгжих шаардлагатай. Зах зээлд тэр чигт нь масс мэдээлэл цацах, тэртээ тэргүй хэрэглэгчдийн мэддэг зүйлүүдийг улиг болтол ахин дахин нийтлэх нь утгагүй. Түүний оронд хэрэглэгчдийг онцгойлон авч үзэх, тэдний хариу үйлдэл, реакц дээр тулгуурлан хэрэглэгчийн туршлага буюу customer experience-ыг анхаарах нь хамгийн оновчтой. 2020 онд хэрэглэгч, үйлчлүүлэгч нарт хамгийн их хамааралтай, үр өгөөжтэй контентууд л бодит үр дүн, маркетингийн үр өгөөжийг мэдрүүлж чадахаар болно.

“Чатботуудын өсөлт хөгжилт улам л сайжирна”

Тийм ээ, өнөөдөр нийгмийн харилцааны сайт дээр аль нэг бизнес эрхлэгчийн пейж хуудас, вэбсайт руу нэвтрэхэд автомат хариулагч Chatbot танд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байдаг болсон. Гол нь хэрэглэгчдэд хүрч үйлчилж чаддаг, хүссэн мэдээллийг цогцоор өгч чаддаг хиймэл оюун ухаан буюу Chatbot AI хамгийн ихээр анхаарал татаж байна. Өөр дээрээ дата мэдээлэл цуглуулж, хэрэглэгч харилцагчийн дараачийн үйлдлийг таамаглаж, үйлчилгээ санал болгодог Chatbot ихээхэн тустайд тооцогддог. Эх сурвалжийн баталж буйгаар AI (artificial intelligence) буюу хиймэл оюун ухаанд суурилсан Чатботууд нь жил бүр бизнес эрхлэгчдийн зардлыг 439 тэрбум ам.доллараар бууруулахаас гадна, 2023 он гэхэд борлуулалтыг 112 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн байх гэнэ.

“Нийгмийн харилцааны сайт хэрэглэгчдийн хүн ам зүй өөрчлөгдөнө”

Шулуухан хэлэхэд Instagram болон Snapchat зэрэг сошиал платформуудыг ашиглаж байгаа үндсэн хэрэглэгчид нь шинэ зууныхан болон Gen Z үеийнхэн байдаг. Тэгвэл 2020 онд энэ бүхэн өөрчлөгдөнө. Илүү ахимаг насныхан дээрхи сайтуудын хэрэглэгчдээр нэмэгдэн орж ирэх бөгөөд Инстаграм ашигладаг 45-54 насныхны тоо нь огцом нэмэгдэх ажээ. Тэгэхээр эдгээр сайтуудыг зөвхөн залуусын ашигладаг, чамирхдаг платформ хэмээн хардаг хандлага өөрчлөгдөнө гэсэн үг.
ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ – STARTUP TERMINAL